Цар тахлын эсрэг байлдаж  буй ЦАГААН НӨМРӨГТ баатрууддаа БАЯРЫН МЭНД хүргэе
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-03-31

Өнөөдөр олон улсын эмч нарын эрхийн өдөр тохиож буй. Гэсэн ч тэд баярлах завгүй тулааны талбарт байлдаж, өргөсөн тангараг, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж байна.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос эхтэй шинэ төрлийн Коронавирусийн цар тахал дэлхийн 202 улсад халдварлаж, 713 мянган хүн өртөж, 33 мянга 500 гаруй хүн харамсалтайгаар нас бараад байгаа бол алтан гарт эмч нар, эрдэмтэн мэргэд, урьдчилан сэргийлэлтийн үр дүнгээр 146, 696 хүн бүрэн эдгэрсэн байна.

Энэ удаагийн эмч нарын баяр дэлхий тэр чигтээ нэгэн аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна. Эмч нар маань хэзээ хэзээнээс илүүтэй эр цэргийн нэгэн адил улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсох тэр цаг үе ирлээ. Гэхдээ энэ нь бие биедээ баяр хүргэхгүй, хүндэтгэл илэрхийлэхгүй гэсэн үг биш ээ. Харин хамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ хэмээн салбарын сайд нь онцолжээ...

Тэд үнэхээр л эр зориг гарган тангарагтаа үнэнч зүтгэж, эр цэрэг шиг аюулт өвчинтай байлдаж байна...

Анх 1933 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй ч 1990 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлдэг олон улсын өдөр болон өргөжсөн аж.

Монгол Улсын 3.2 сая хүн амд 11169 эмч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс хүний их эмч 9008 байгаагаас 73.2 хувь нь үндсэн ба төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр харин Уламжлалт анагаахын чиглэлээр 867 эмч, Нүүр амны чиглэлээр 1294 эмч ажиллаж байна. Нийт эмч нарын 61.7 хувь нь Улаанбаатар хотод, 38.3 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байгаагаас хүйсийн хувьд 23.3 хувь нь эрэгтэйчүүд, 76.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны бүлгээр авч үзвэл 29.1 хувийг 20-29 насны, 32.8 хувийг 30-39 насны, 17.0 хувийг 40-49 насны, 9.3 хувийг 50-54 насны, 7.4 хувийг 55-60 насны, 4.4 хувийг 60-аас дээш насны эмч эзэлж байна.

Нийт их эмчийн 18.3 хувь нь анхдагч шатлалд, 19.7 хувь нь хоёрдогч шатлалд, 15.6 хувь нь гуравдагч шатлалын эмнэлгүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нэг их эмчид ногдох хүний тоо 2018 онд 283 байгаа нь өмнөх оныхоос 10 хүнээр буурсан байна. Энэ тоо Хангайн бүсэд хамгийн өндөр буюу 437 хүн ногдож байгаа ба баруун бүсэд 403, зүүн бүсэд 418, төвийн бүсэд 368 хүн ногдож байна. Улаанбаатар хотод нэг их эмчид ногдох хүний тоо 208 хүн ногддог байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.103.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.