Чанар шалгагчаар төрийн түшээ болсон товч түүх
Нийтлэл
/
2020-04-15

Баруун алтайн уулсын дунд бахархам түүх, соёлтой ард түмэн өнө удаан амьдарсаар ирсэн юм. Сүрлэг өндөр, мөнх цаст Алтай Таван богдынхоо сүншиг аравнайд сүсгэлэн, манан будан дунд казах, урианхай, халх, дөрвөд, тува ястнууд эрэмгий бүргэд мэт энэ цаг үед бие биенээ хүндэтгэн, найрсаг амьдарсаар байна. 2014 оны долоодугаар сард Алтай таван богд хайрханыг тайх төрийн тахилга болох үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн абугай хүчирхэг уулсыг хараад “Бяртай уулс юм аа” хэмээн уулга алдаж байсан сан. Монгол Улсын хамгийн өндөр цэг болох Алтай таван богдын Хүйтний оргил, Александр, Потанины мөсөн гол, Ёлтын сав газар, Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг, Бага Түргэний хүрхэрээ, түүхийн арвин өв болсон Толбо, Ачит нуураас эхлээд олон үзэсгэлэнт газар Баян-Өлгий аймагт хамаардаг.

Ийм л сайхан нутгаас, ийм түүхийн өлгий болсон аймгаас Г.Солтан Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон төр түших нэр хүндтэй албыг цалгардуулалгүй авч явна. Тэр зарим гишүүд шиг чуулганы хуралдаан бүрт үг хэлдэггүй. “Долоо хэмжиж нэг огтло” гэдэгчлэн бурууд хурц, зөвд зөөлөн байж үгээ хэлчихдэг. Түүний хэлсэн үгс төрд нэмэр болж байснаас чөдөр болж байгаагүй билээ. Олон таван үггүйн дээр Баян-Өлгий аймагтаа бүтээн байгуулалтуудыг маш ихээр хийж чадсан. 37 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өөрийн тойрогтоо татсан гээд бодоход тэр хэмжээнд өрнөх бүтээн байгуулалтад Г.Солтанд бус нутгийн иргэдэд нь хэрэгтэй.

Солтаны аавыг А.Гомбыжай, ээжийг нь С.Нурбат гэдэг. Тэд дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд нийтлэлийн гол эзэн Г.Солтан тэдний хоёр дахь хүүхэд нь болж мэндэлжээ. Аав нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын дамжлага баазад насаараа ачигчаар ажиллаж байгаад 1981 онд гавьяаныхаа амралтад гарч байсан талаар нутгийн хөгшчүүд ярьдаг юм билээ.

Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрж, Цагааннуур суманд бага сургууль төгссөн байдаг. Түүнчлэн 1968-1978 онд Өлгий сумын нэгдүгээр 10 жилийн сургуулийг дүүргээдхими-технологич болохоор сэтгэл шулуудсан гэдэг. 1978-1979 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн коллежийг  хэлний бэлтгэлд суралцан 1980-1985 онд Москва хотын В.В.Менделеевийн нэрэмжит Хими-технологийн дээд сургуулийг инженер-технологч мэргэжлээр төгссөн манай улсын цөөн технологчдын нэг юм. Хойно суралцаж байхдаа буюу 1984 онд Б.Алтанчимэгтэй гэр бүл болж, Ахмед, Абдул хэмээх хоёр хүүгээ төрүүлсэн байна.

Хүний хувь тавилан гэдэг маш сонин. 1985 онд Хөнгөн хүнсний яамны сайдын тушаал гарч шинэхэн боловсон хүчин Г.Солтан Шаазангийн үйлдэврийн чанар шалгагчаар ажлын гараагаа эхлүүлэв. Багын эхэлсэн ажлынхаа ард гарч санаа нь амардаг зан нь түүнийг 1985-2010 он хүртэл Шаазангийн үйлдвэртэй амьдралыг нь холбосон байдаг. Г.Солтан үйлдвэрийнхээ ерөнхий технологич, лабораторийн эрхлэгч, ерөнхий инженер, “Монгол шаазан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, үйлдвэрийн дарга хүртэл дэвшсэн юм. Энэ хугацаандзалуу инженер технологичдын адил шинэ санаачилга, оновчтой санал гаргахад багагүй цаг зарцуулж байлаа. Тухайлбал, шаазан эдлэлийн жор найрлагыг шинэчлэн өөрчилж үйлдвэрт нэвтрүүлж чадсан нь тухайн үедээ олны талархлыг хүлээж байсан юм. Нирконтой даалан ба ясны шаазанг үйлдвэрт нэвтрүүлж, Мандал-Овоо, Халх голын шаврыг үйлдвэрт туршиж, магнезитыг баяжуулах боловсруулах технологийг боловсруулж чадлаа. Залуу хүний хувьд ахдам ачаа хэдий ч тэр хэцүү бэрхэд нугарсангүй. Тиймээс магнезитаар патент хамгаалан шилдэгээр шалгарч байсан удаатай. Ингэж л Г.Солтан амьдралынхаа 25 жилийг зөвхөн шаазантай холбосон юм. Нэгэн жарны хагасыг зөвхөн нэг салбарт дагнан өнгөрүүлсэн нь түүний тууштай чанарыг илтгэнэ. Г.Солтаны хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн улаан тугийн одонгоор тус тус шагнаж байлаа.

2010-2012 онуудад МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын зөвлөхөөр, 2012-2018 онуудад Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан юм. Түүний улс төрийн замнал тийм дурдан шулуун байсангүй. Аймгийн намын хорооны даргаар ирэхэд намын байр нь 1970 оноос хойш засвар хийгдэггүй тул ундуй сундуй юм угтаж байсан талаар тухайн үеийн намын гишүүд нь хэлсэн байдаг. Намын гишүүдээ цуглуулан хурал хуй хийх гэхэд л сандал, ширээ байдаггүй. Яав ийв гээд хайгаад явтал актлагдахыг нь акталж, өнгөтэй өөдтэйг нь өмнөх дарга нь эзэн суугаад аваад явсан тог цахилгааны мөнгөө ч өгч дийлэхгүй болтлоо “унасан” байсан гэдэг. Тэрбээр ажлаа намын байрны засварыг хийж, тавилга хогшил авахаас эхэлжээ. Хэд хэдэн удаагийн сонгуульд ялагдаж хүлээж, намын гишүүдийнх нь итгэл бүрэн унтрах хэмжээнд очсон байсныг сэргээхэд гол анхаарлаа хандуулав. Ямартай ч “Хамтдаа байж ялалтад хүрнэ” гэдгийг сайтар ойлгуулж чадсанаар Парламентад намаасаа ганц төлөөлөлтэй байсан бол 2016 онд хоёр гишүүнтэй болж, орон нутагтаа бүрэн дүүрэн ялалт байгуулж чадсан нь Г.Солтаны ажлын үзүүлэлт юм.Ингэж л тэр унасан намын нэр хүндээ сэргээхээс гадна 10 мянган гишүүнтэй намын хороогоо 22 мянган гишүүнтэй болгож чадсан нь түүнд итгэх хүмүүсийн итгэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагийн илрэл буй за. Тэр хийдэг, бүтээдэг. Хийхийн, бүтээхийн төлөө тэр цаг ямагт зүтгэдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.192.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.