“Цан сан тиан ий”, “Дун юань хаа” ХХК гэх Хятад компаниудын үйлдвэрлэсэн НӨӨЦИЙН МАХ-ны шошго бүхий зураг, хятадуудаар стратегийн хүнсээ бэлдүүлэхийг эсэргүүцсэн пост, сэтгэгдлүүд сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр тарж байна.
Дурдвал:
“Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж, аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү гол хүнсийг нь Хужаа нар бэлтгэж, бидэнд худалдаж байна.”
“Махны зах зээлийг Хятадууд базсан нь үнэн бололтой. Энэ бол эмгэнэл”, “Үгүй байгаа даа, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих хэрэгтэй”, “Хужаагаар хүнсээ бэлдүүлдэг бол үнэхээр эмгэнэл. Хүнсээ ядаж хужаагаас авмааргүй байна” гэх мэтээр бичсээр байна.
Постуудыг олон удаа түгээсэн байх бөгөөд зөвхөн Лодойн Алтансүх гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Махаа хөлдөөгөөд, нөөцөлчих үндэсний компани алга уу. Хүнсний аюулгүй байдал, монгол залуусын ажлын байр хаана байна вэ” хэмээн дээрх зургийн хамт нийтэлсэн постыг нийгмийн сүлжээнд 1.2 мянга гаруй хүн хуваалцжээ.
Тэгвэл энэхүү мэдээллийг ХХААХҮЯ үгүйсгэж, дөрөвдүгээр сарын 21-ны өдөр албан ёсны мэдээллийн сайтдаа “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ” хэмээх тайлбарыг хийсэн байна. Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энэ линкээр орж уншина уу.
FACT CHECK сүлжээний сэтгүүлчид дээрх мэдээллүүдийг нягтлан шалгалаа.
“Цан Сан Тиан Ий”, “Дун Юань” ХХК-ууд Монгол улсад ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
Цан Сан Тиан Ий \Tsan Sen Tian Ii\ ХХК нь Хятад улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, Гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг.
Дун Юань \Dong Yuan\ ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 19 ны өдөр үүсгэн байгуулагдсан. Мөн Хятад улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, мал аж ахуй, газар тариалан, гадаад худалдааны үйл ажиллагааг эрхэлдэг ажээ.
Нэр бүхий дээрх хоёр компани нь Монгол Улсаас мах бэлтгэн, боловсруулж экспортлох, Хятадын зах зээлд нийлүүлэх эрхтэй, лицензтэй компаниуд юм байна.
Энэ талаар ХХААХҮЯ-ы Хүнсний үйлвэрийн бодлогын хөгжлийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос тодруулахад “Мах, махан бүтээгдэхүүн экспортлох, дотоодын хэрэгцээнд зориулж боловсруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг 40 орчим аж ахуйн нэгж бий. Эдгээртэй бид жил бүр бодлогын гэрээ байгуулдаг. Тус гэрээнд мах экспортолдог компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт бэлдсэн махныхаа 10 хувийг хямд үнээр зах зээлд нийлүүлэх талаар тусгасан байдаг юм. Үүнийг Засгийн Газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолоор хуульчилсан. Энэ хүрээнд дээрх компаниуд бэлтгэсэн махныхаа 10 хувийг нөөцийн махны үнээр дотоодын зах зээлд нийлүүлж байгаа. Түүнээс бид хятадуудаар нөөцийн махаа бэлдүүлсэн юм байхгүй” гэлээ.
Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 2020 оны гуравдугаар сарын 08-ны өдөр Ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Энэ хавар махны хангамжид тасалдал үүсэхгүй” ярилцлагадаа “Манай улсын нөөцөд тооцох боломжтой өөр нөөцөлсөн мах бий. Манай улсын 60 гаруй аж ахуйн нэгж экспортод гаргах зориулалтаар 12 мянган тонн мах бэлдсэн байгаа. Энэ нь импортлогч орны итгэмжлэгдсэн үйлдвэрт бэлдээгүй учир экспортод гаргах боломжгүй болсон. Тиймээс тэр хэмжээний махыг экспортод гаргалгүй дотоодын зах зээлд борлуулах боломжтой. Бид тухайн аж ахуйн нэгжүүдэд Монголынхоо зах зээлд борлуулахад нь хамтран ажиллах санал тавьсан” хэмээн ярьсан байна.
Шошго дээрх тухайн үйлдвэрүүдийн утсаар холбогдон тодруулахад нөөцийн мах нийлүүлж байгаа гэлээ.
Тэгэхээр Цан Сан Тиан Ий \Tsan Sen Tian Ii\, Дун Юань \Dong Yuan\ гэх гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсад бүртгэлтэй компаниуд нь Монголын зах зээлд НӨӨЦИЙН МАХ нийлүүлсэн нь үнэн.
МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛСАН: Fact Check Mongolia
Г.Ганцэцэг, MyDarkhan.mn
О.Бат-Ундрах, Үндэсний өдөр тутмын "Өнөөдөр" сонин
Ц.Чимэддондог, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин