ЖДҮ-чид авсан зээлээ хэрхэн эргэлдүүлж АШИГ ОЛДОГ вэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-28

2020 оны сонгууль хаяанд ирсэнтэй холбоотойгоор улстөрийн намууд халаа сэлгээ хийж, нэр дэвшигчдээ тойлж эхэллээ. Эрх баригч намын нарда ч намдаа цэвэрлэгээ хийхээ илэрхийлж, ЖДҮ-чдийг дахин дэвшүүлэхгүй шүү гэдгээ ашгүй нэг юм мэдэгдлээ. МАН-д одоохондоо ХҮҮК-ийн үг бол хууль. Түүний эсрэг тэрслэн босох хүч алга. Хэдэрлэгч Н.Номтойбаяр өөрийн буруугаасаа болж “УИХ-аас хөөгдсөн”. Тэгэхээр одоо У.Хүрэлсүхийн удирдлага, зангидлагаанд МАН бүхлээрээ багтаж байна.

Намын дарга нь ЖДҮ-чдийг дэвшүүлэхгүй гэдгээ эртнээс илэрхийлж, нэр цэвэр, мөр бүтэн, олны итгэл даасан, шинэ, залуу хүмүүсээр армиа бүрдүүлж байсан.  Харин Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Энхболд, Г.Солтан тэргүүтэй ЖДҮ-чдэд дахин боломж олгохгүй байхаар тохирсон.

ЖДҮ-гийн зээлийг МАН-ын 49 гишүүн нэр холбогдсон байдаг. Гэвч тэдний “ялыг” ганцхан сайд асан Б.Батзориг л үүрч, өөрөөрөө туг тахиж, саяхан чөлөөлөгдлөө. Прокурорын байгууллагаас харин Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх бичиг илгээхээр бэлтгэж буйгаа зарлаад байна.  Тэгвэл ЖДҮ- сангаас зээл авсан эрхэмүүд тухайн зээлийн мөнгийг хэрхэн эргэлдүүлж байгаа тухай тооцоолж үзье.

Хамгийн энгийн жишээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гишүүн. Тэрбээр өөрийн хамаарал бүхий компанидаа 1,2 тэрбум төгргийн зээл авсан.

Жишээ: 1.200.000.000 төгрөгийн зээлийн жилийн хүү 3% бол эхний жилд 36 сая. Дөрвөн жилд 144 сая төгрөгийн цэвэр хүү

ББСБ-р дамжуулж 1.200.000.000 төгрөгийн зээлээ  эргэлдүүлье гэж тооцвол  Сарын хүү 3,5% байхаар тооцож үзье. Нэг жилд 504 сая, 4 жилд 2 тэрбум 16 сая төгрөгийг эргэлдүүлж авна.

Харин ломбардын мөнгөөр эргэлдүүлбэл: Сайн ломбардын дундаж хүү 5% 1.200.000.000 төгрөгийн зээлээ  5% -иар тоовол жилд 720 сая төгрөг. Дөрвөн жилд /2 тэрбум 880 сая төгрөгийн ашиг эргэлдүүлж байна/

Ломбард, ББСБ, Арилжааны банкууд бол иргэдийн орлогоос хумсалж өөрийн хөрөнгөө өсгөх зорилготой байгууллага. Ашиггүй бол тэд ажиллахгүй. Тэгэхээр иргэд дийлэнх нь дээрх байгууллагаас нэн шаардлагатай зээлээ авдаг.

Гэтэл мэдээлэлд ойр УИХ-ын гишүүд иргэдийн боломжийг хулгайлж өндөр үнийн дүнтэй, бага хүүтэй зээл авч, түүнийгээ арилжааны банк, ломбард, ББСБ-р эргэлдүүлж мөнгө угаах төрлийн гэмт хэрэг үйлдэж байна. Гэхдээ дээрх тооцоолол бол зөвхөн жишээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2020 оны сонгуульд Дундговь аймгаас нэр дэвшихээр горилж яваа. Дундговь аймгийн хувьд нийт 46 мянган хүн амтай. Үүний 30 орчим мянга нь сонгуулийн насных. Урьд өмнөх жилүүдэд 21 орчим нь сонгуульд саналаа өгч байсан. Нэг нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдохын тулд дор хаяж 12 мянган хүний дэмжлэг авсан байна гэж тооцъё.

Нэг иргэнд 20 мянган төгрөг тарааж сонгуульд өрсөлдөж, саналыг худалдаж авна гэвэл багаар бодоход 250 орчим сая төгрөг зарцуулна. Тэгэхээр ББСБ-ар эргэлдүүлсэн 2 тэрбум 16 сая төгрөгөөсөө гаргана. Цаана нь 1,8 тэрбум гаруй төгрөг үлдэнэ. Ломбардаар эргэлдүүлсэн 2 тэрбум 880 саяасаа мөнгө тараавал цаана нь 2 тэрбум гаруй төгрөг үлдэнэ. Энэ мөнгөөрөө тухайн зээл авсан этгээд гадаад руу зугаалж, тойрог хороогоо тордож, дарга нарыг нь аялуулж, зугаацах боломжтой гэсэн үг. Энэ бол хар ухаанаар тооцоолсон хувилбар.

Амь зуух гэж ядаж яваа иргэд машинаа, хашаа байшингаа, мал хуйгаа барьцаанд үлдээж зээл авдаг. Харин дарга нар тэр зээлээс нь мөнгө босгож дахин зээл авдаг.

Ийм ичгүүргүй, луйвар маягийн систем манай улсад үйлчилж байна. Өөрөөр хэлбэл бид өөрсдмийнхөө мөнгийг УИХ-ын гишүүний бэлэг гэж авчихаад дараа нь тэдэнд санаа өгч гаргана. Дараа нь хамаг боломжоо дээрэмдүүлж байна. Ийм шударга бус зүйлийг цэвэрлэе гэж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шийдвэр мэргэн бөгөөд хүчтэй байх болтугай. Ингэж л зоригтой дуугарч, сэлэмээ хүчтэй эргүүлэхгүй бол ядарсан иргэд чинь цөхөрч байна шүү.

Та нар бодоод үздээ. Баянзүрх зах дотор хоёр эмгэн мөнгөө нийлүүлж талх авах гэсэн ч мөнгө нь хүрэхгүй ийм гутамшигтай цаг үе бий болчихоод байна. Эдийн засаг баячуудын гарт сүйдэж, ядуус нь өлбөрч унахад ч бэлэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.82.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.