2020 оны УИХ-ын сонгуульд “МАН-АН”-аас нэр дэвшихээр горилж буй эмэгтэйчүүд
Нийтлэл
/
2020-05-07

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Д.Сарангэрэл нь ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр, ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр ТV5 телевизийн захирал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж УИХ гишүүнээр ажиллаж байна. 2017 оноос Эрүүл мэндийн сайдаар ажиллах болсон.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь

Н.Оюундарь гишүүн нь Сэрүүлэг дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, Нидерландын Вант улсын Маастрахтын их сургуулийг Бизнесийн удирдлагаар тус тус төгссөн.НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариуцсан зөвлөх, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2016 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт сонгогдон ажиллаж байна.

“Сөүл групп”-ын ерөнхийлөгч Д.Өнөрболор

Сэлэнгэ аймаг Түнхэл тосгоны унаган хүүхэд тэрээр МУИС-ийн ОУХДС-ийг  Гадаад харилцаа-дипломатч олон улсын судлаач мэргэжлээр, Гүрэн Их Сургуулийг Бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. 2018 оноос МЭХ-ны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа 

Ц.Цогзолмаа нь ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг багш түүхч мэргэжлээр, Удирдлагын академийг төрийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуулиар Ховд аймгаас сонгогдон ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 1986 онд Улсын багшийн дээд сургуулийг Математикийн багш мэргэжлээр, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008, 2012, 2016 оны сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. 2019 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого,боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Б.Саранчимэг нь ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуулийг Удирдлагын автоматжуулалтын системийн инженер мэргэжлээр, ШУТИС-ийг мастерийн зэрэгээр тус тус төгссөн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2016 оны УИХ сонгуульд ялалт байгуулан ажиллаж байна.

Ч.Ундрам

Ч.Ундрам нь 2010 ​онд Япон улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Зочин судлаачаар ажиллан, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба симуляц дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр 2015​ онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор Дэд профессор цол хүртсэн. 2017-2018​ онд Монгол улсын их сургуулийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал 2018-2019 онд Монгол улсын их сургуулийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер АНУ, Оклахома мужийн Улсын их сургуулийг сэтгүүл зүйн мастераар тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр “Монголын мэдээ” агентлагийн захирал, Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. 2016 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүргээс сонгогдон ажиллаж байна. Ажиллаж байхдаа 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа

Х.Булгантуяа нь БНХАУ-ын  Дундад Хятадын Их сургуульд шилжин суралцаж,  эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг, АНУ-ын Ейлийн их сургууль (Yale University)-д  олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр  “Оюутолгой” ХК-ийн  Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын унаган хүүхэд тэрээр Орос хэлний багшийн дээд сургуулийг, Москвагийн орос хэлний багшийн дээд сургууль, Удирдлагын академийг төгссөн. Түүнчлэн Герман, Болгарт хөдөө аж ахуй, газар тариалан, Япон, Солонгост хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2013 оноос МАН-ын Зөвлөхүүдийн танхимын Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн М.Билэгт

М.Билэгт гишүүн нь Барилгын техникумыг геодезийн техникч мэргэжлээр, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, Удирдлагын академийг бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр 2014-2016 онд “Ачлал оранж” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2015 онд“Ачлал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгаас сонгогдон ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

Г.Мөнхцэцэг нь Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр, 2013 онд Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистраар төгссөн. Тэрээр 90 ээд оны яруу найрагчдын нэг бөгөөд МЗЭ гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос УИХ гишүүнээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Гишүүн Н.Амарзаяа нь 1998 онд Монгол Улсын Их Сургуулийг физикч, физикийн багш мэргэжлээр, 2010 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засгийн ухааны магистр, 2018 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг докторант зэрэгтэй төгссөн. Тэрээр Аймгийн МАН-ын хорооны дэд дарга, Аймгийн намын хорооны дарга, “Бонсай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн АН-ын дэд дарга З.Нарантуяа

Завхан аймгийн унаган хүүхэд тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультетийг эрх зүйч мэргэжлээр, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч-санхүүч мэргэжлээр, АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийг  төрийн удирдлагын магистр зэргээр тус тус төгссөн.  Завхан аймгин Ардчилсан намын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

МУ-ын Ерөнхийлөгчийн туслах Д.Үүрийнтуяа

Д.Үүрийнтуяа нь Эдийн засагч, Эрх зүйч, Нийгмийн удирдлагын менежер мэргэжилтэй. Тэрээр 2004-2008 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч, 2009-2012 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах, 2008-2012 онд  БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ дахь Нийгмийн бодлогын хорооны даргаар тус тус ажиллаж байсан. Тэрээр 2017 оноос Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байна.

Б.Жаргалан

УИХ-ын гишүүн, Засгын газрын гишүүн асан Н.Батбаярын охин Жаргалан. Тэрээр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн.Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд  ерөнхийлөгчөөр ажиллаж буй АН-ын залуу боловсон хүчин юм. Тэрээр Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.

“Номгон Санчир” групп-ын ерөнхий захирал А.Адьяасүрэн

Баянхонгор аймгийн унаган хүүхэд А.Адьяасүрэн нь  “Номгон Санчир”авто тээврийн компаниа үүсгэн байгуулаад 20 жил удирдан ажиллаж байна. Мөн тэрээр Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байна.

Сэтгүүлч О.Батханд

2014 онд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан тэрээр 2004 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг Олон  Улсын сэтгүүлч мэргэжлээр, 2005 онд АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлалын курс, 2013 онд АНУ-ын Харвардын их сургуулын курс төгссөн. Мөн тэрээр “Монгол медиа группын” захирлаар ажиллаж байсан.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Ц.Оюундарь

МҮОНР-ийн  сэтгүүлч М.Цагааны охин Оюундарь нь аавынхаа мэргэжлийг өвлөж авсан сэтгүүлч юм. Оюундарь нь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн.Сургуулиа төгсөөд  Монгол Телевиз буюу одоогийн МҮОНТ-д сурвалжлагчаар орж aжиллаж байсан.Мөн тэрээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Л.Болормаа

Л.Болормаа нь Эрх зүйч, судлаач  мэргэжилтэй. Говь-Алтай аймгын унаган хүүхэд тэрээр аймгийнхаа ЗДТГ-ын архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Одоо тэрээр АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо /АЭХ/-ны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа

Р.Булгамаа нь Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Иргэний эрх зүйч, Захиргааны эрх зүйчээр мэргэшсэн. 2020 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байна. Тэрээр өмнө нь ИЗНН-ын гишүүн байсан.

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг

П.Батчимэг нь АПУ трейдинг ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажилдаг. Тэрээр 2020 оны сонгуульд Дорнод аймагт АН-аас өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул гэж ярьдаг. П.Батчимэг нь боловсролын салбарт тасралтгүй 14 жил ажилласан.

Д.Цэрэнчимэг

Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар тус аймагт нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байна.

TV2 захирал Д.Энхтуяа

Д.Энхтуяа нь МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан. Одоо TV2 телевизийн захирлаар ажиллаж байна. 2020 оны сонгуульд Төв аймагт АН-аас нэр дэвшихээр горилж байна.

Эмч Д.Эрдэнэсувд

Эмч мэргэжилтэй тэрээр Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалт, хөгжлийн газрын дарга, Төв аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүнээр ажилдаг.

НИТХ-ын төлөөлөгчЦ.Одонтунгалаг

Ц.Одонтунгалаг нь 1995 онд Монгол Улсын Их Сургууль, 2004 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Хуульч, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Тэрээр 2012-2014 Автобус-1 НӨҮГ-ын захирал, 2014-2016 Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан.

Б.Баярмаа

Б.Баярмаа нь 2020 оны сонгуулиар Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшихээр горилж байна. Түүнийг “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагаар нь нутгийнхан нь андахгүй. Тэрээр мөн Хөвсгөл аймгийн АЭХ-ны тэргүүнээр ажилдаг.

Улс төрч Ц.Оюунгэрэл

Ц.Оюунгэргэл нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг тус тус хамгаалжээ. 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2009 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх, орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Ц.Оюунгэрэлийг улс төрчөөс гадна зохиолч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

Хэнтий аймгийн АЭХ-ны тэргүүн Т.Пүрэвхатан

Аймгийн АЗХ-ны тэргүүнээр ажилладаг Т.Пүрэвхатан нь 2020 оны УИХ-ын сонгуулиар тус аймагтаа АН-аас нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байна. Тэрээр 2010 онд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагчаар ажиллаж байгаад, АН-ыг Төрийн эрх барьж байх үед Ашигт малтмалын тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.

Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль

Б.Энхбайгаль нь Удирдахуйн ухааны доктор, дэд профессор цолтой. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн, БСШУЯ-ын харьяа дээд боловсролын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бодлогын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан юм. Тэрээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын судалгааны мэргэжил арга зүйн багийг ахлан ажиллаж, 2015-2040 оны хөгжлийн хувилбарыг гардан боловсруулсан байна.

БГД-ийн ЗД, АЭХ ерөнхийлөгч С.Одонтуяа

С.Одонтуяа  нь 1988 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Улсын Их сургууль төгссөн. Англи, орос хэлтэй. Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрээр “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Мөн 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогдон ажиллаж байсан.

Багахангайн АН-ын дарга Ц.Алтанцэцэг

Ц.Алтанцэцэг нь Нягтлан бодогч, Эдийн засагч мэргэжилтэй. НИТХ-ын Тэргүүлэгч Баянгол дүүргийн төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Банк санхүүгийн чиглэлээр “Пантер Мидланд Аудит” ХХК-ийг байгуулан  өнөөг хүртэл амжилттай удирдаж явна. АН-ын манлайлагч эмэгтэйчүүдийн нэг юм.

 

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал Б.Лакшми

2020 оны УИХ-ын сонгуульд ХУД-т АН-аас нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байна. Б.Лакшми нь одоогоор  “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирлаар ажиллаж байна.

СБД-ийн засаг дарга Х.Болормаа

Сэлэнгэ аймагт төрсөн тэрээр Техникийн их сургуулийг Хүнс, нийтийн хоолны технологич, инженер мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. Х.Болормаа нь Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч даргаар тус тус ажиллаж байсан. 2016 оноос Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.

“М-Ойл” ХХК-ын захирал Нийслэлийн АЭХ-ны тэргүүн Б.Пунсалмаа

Б.Пунсалмаа нь МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр 2002 онд төгссөн. Одоогоор “М-Ойл” ХХК-ын захирлын албыг хашиж байна. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд СХД-т АН-аас нэр дэвшихээр горилж байна.

БГД-ийн ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа

П.Цэцэгмаа нь АУДС-ийг Тусгай дунд бага эмч мэргэжлээр, Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, Их засаг их сургуулийг Хууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр Төмөр замын газрын Улсын байцаагч, БГД-ийн ЗДТГ-ын Засаг даргын орлогч, БГД-ийн ИТХ-ын Ажлын албаны даргаар тус тус ажилласан.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.76.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.