Гадаад хаягаар гангарсаар байх уу...
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-07

Хотын гудамж, талбайд байх үйлчилгээний газрууд болон албан байгууллагууд гадаад нэр хаяг өгөх нь элбэг болжээ. Энэ л сайхан эх хэлээрээ, уйгаржин монгол бичгээрээ бичсэн хаягтай газар шүү дээ гээд гайхуулан бичих газар тун ховор.

2014 онд нийслэлийн зургаан дүүргийн 700 шахам зоогийн газраас оноосон нэрээр нь түүвэрлэн судалгаа авахад оролцсон нийт газрын 60 хувь буюу таван газар тутмын гурав нь гадаад нэр хаягтай байжээ. Maxmall, Dragon center, Grand Plaza, Viva city, King tower, Tedy, Internom гээд зоогийн газар гэлтгүй бусад үйлчилгээний газруудын нэр хаяг ихэнх нь гадаад хэл дээр байгаа юм.

Хаягжуулалтын тухай, Монгол хэлний болон Хот байгуулалтын тухай хуульд хотын гудамж талбай дахь хаяг ямар байх талаар тусгаж өгсөн байна. Монгол хэлний тухай хуулийн 6.1.7-д “Газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягийг монгол хэлээр бичнэ” хэмээн заажээ.

Мөн хаягжуулалтын тухай хуулийн 4.21-д “Дэлгэрэнгүй болон хураангуйлсан хаягийг Монгол улсын албан ёсны хэл болох монгол хэлээр бичих ба холбогдох стандартууд болон хаягжуулалтын стандартыг баримтална” гэсэн байна. Гэтэл эдгээр хуулиудын хэрэгжилт хангалтгүй байна.

Тухайлбал, хөдөөнөөс хотод биеэ үзүүлэхээр ирсэн өвөө “Grand med” гэж уншиж чадахгүй учир үзүүлэх эмнэлгээ олохгүй яваатай таарч зааж өгч байсан удаатай. Залуус бидний хувьд энэ нь нэг их асуудал биш боловч хөгшин настай хүмүүсийн хувьд төөрч, будилах асуудлыг үүсгэж байгаа юм. 

Гаднын улсуудад гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг газрын гадна хаяг, мэдээллийн самбарын бичвэр англи хэлээр байж болно, бусад тохиолдолд албан ёсны хэлээрээ байх ёстой гэсэн журамтай байдаг. 

Япон улс, Шинжику

Бидний хувьд хуулиндаа монгол хэлээр нэр хаягаа өгөх ёстой гэдгээ тусгаж өгсөн боловч хэрэгжилт тааруу байна. Сошиал медиа болох фэйсбүүк, инстаграм мөн мессеж зэргээр хүмүүс хоорондоо харилцахдаа англи, монгол хольж бичин, монгол үгийг англи үсгээр бичдэг, хурдан бичих гэснээс болж үгээ товчилж бичдэг зэрэг шалтгаанууд монгол хэлний зөв бичих дүрэм, цаашлаад үгийн баялаг муудаж гадаад хэлтэй холилдсон эх хэлтэй болгоход хүргээд байна. Үүн дээр үйлчилгээний газрууд нэр хаягаа эх хэлээрээ өгөхгүй байгаа нь нэрмээс болсоор...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.169.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.