Аян замын тэмдэглэл: Хангай говийн дундах сувд
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-08

Удаан хүлээсэн зун цаг ирж бачимдуу, тэвдүү их хотоос холдож гэртээ ирлээ. Зуны өдрийн аагим халуунд гэрийн мухар сахих нь надад ихээхэн уйтгартай бөгөөд хотод байгаагаас ялгаа үгүй санагдан уйтгарт өдрүүдийг арай ядан өнгөрүүлсээр сар гаран боллоо.

Орой сэрүүн орохтой зэрэгцэн аав ажлаасаа ирлээ. Аймгийн засаг даргын санаачлагаар монголд анх удаа Нүүдэлчдийн соёлын наадмыг Улаагчины хар нуурын эрэгт зохион байгуулна гэнэ. Би үхрийн отгийг хариуцан ажиллах учир маргааш бүгдээрээ тийшээ явна юмаа бэлд гэв.

Маргааш өглөө нь бид нар мандахтай зэрэгцэн Завхан аймгийн төв Улиастай сумаас тус аймгийн нутагт байх Эрдэнэхайрхан сумын Улаагчины хар нуур луу хүлгийн жолоо заллаа. Улаагчины хар нуур нь Улаанбаатар хотоос 1103км-т, Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км-т орших нуур юм. Бид Чигэстэй багийн төвөөр дайран хойд зүгт байх Хатавчийн даваагаар давлаа. Цааш Хатавчийн ам гэдэг газраар явахдаа хүн чулуун хөшөөнүүдийг үзлээ. Хүн чулуун хөшөө нь түүхэн тодорхой цаг үед амьдарч байсан бодит хүнийг дууриалган хийсний хувьд тэр үеийн хүний хувцас, өмсгөл, гэзэг үс, зэр зэвсэг, гоёл чимэглэл зэрэг зүйлсийг бодитойгоор дүрслэн гаргасан байдгаараа онцлогтой гэх зүйлийг уншиж байснаа санаад хүн чулуунуудыг ажихад зарим нь бүснээсээ хэт хутга зүүсэн, гарандаа ямар нэгэн урт юм барьсан, эсвэл хүзүүний зүүлттэй зэрэг янз янзын төрх байдалтай байсан нь цаг үеийн онцлогоо л харуулсан биз гэсэн бодол төрүүлж билээ.

Цааш нилээн яваад аяншсан биеийнхээ алжаалыг тайлахаар машинаас буухдаа нэгэн уулыг харлаа. Тэр уулын нүүрэн талын моднууд цамц шиг хэлбэр үүсгэн эгнэн ургасан байх юм. Жолооч ах цамц мод гэдэг юм гэж зааж өглөө. Хоёр ханцуйтай, цээжин хэсэгтэй. Холоос харахад  яг л цамц. Үүл нүүхдээ янз бүрийн зүйлийн хэлбэр дүрс үүгэдэг шиг энэ моднууд цамцны хэлбэр үүсгэн эгнэсэн байх аж. Байгаль гэдэг сонин зүй тогтолоор элбэг шүү дээ гэж жолооч ах хэлээд хэсэг зог тусаад машиндаа суулаа. Машины цонхоор ажихад зуншлага нилээн муутай гандуу харагдана.

Яруу сумын төвд ирчихлээ гэсэн аавын дуунаар би сэрлээ. Босоод хартал эл хульхан хүн ч явж харагдахгүй жижигхэн сумын төв харагдлаа. Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди Завхан аймгийн Яруу суманд төрсөн гэдэг. Энэ жижиг суманд төрсөн ч гэсэн амжилтанд хүрсэн мундаг хүн юм гэж бодож билээ. Яруу сумын төв өнгөрөөд Эрдэнэхайрхан сумын нутаг руу орлоо. Цээлийн ам гэдэг газраар явахад нар жаргаж байсан юм. Цааш цаг гаран яваад зорьсон газар болох Улаагчины хар нуурын эрэгт ирлээ. Өглөө эртлэн гарсан бид замдаа саатан элдэв сонин зүйл үзэж, амарч тааваараа явсаар 100 гаран км газрыг бүтэн өдөржингөө явсан гэдгээ сая л анзаарлаа. Үзсэн хүмүүс нь гайхаж биширдэг нуурыг сайтар ажиглах гэсэн ч харанхуй болсон учир төгсгөл нь үл мэдэгдэх мэлтэлзэн гялтагнах төрх байдлаас өөрийг харж чадахгүй байсан учир өглөөг хүлээхээс өөр арга байсангүй.

Өглөө босоод нуурыг хараад хэсэг балмагдан зогслоо. Өмнө нь Хөвсгөл далай, Сангийн далай зэргийг харахдаа яаж нүд баясаж сэтгэлийн цэнгэл эдлэж байснаа санан түүнээс илүү их баяр баясал, аз жаргалыг мэдэрч байгаадаа сэтгэл хангалуун болж эх орныхоо байгалийн сайхныг улам бүр гайхан биширч нүдний нулимс цийлэгнээд огшоод л явчихаж билээ. Улаагчины хар нуур нь хойд талаараа элсэн манханаар, урд талаараа хангай газар, Зэгст жаахан нуур, Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн, их бага хоёр авгаш аралтай цэнгэг нуур аж. Тус нуурын гүн нь 48м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км юм. Энэ нуурын эргэн тойрныг ойлгомжтойгоор дүрсэлвэл хангай, говь хосолсон элсэн манхантай хэсэг газрын дундах төгсгөл нь үл мэдэгдэх сувдан цэнхэр нуурын дүр зураг бууна.

Завхан аймаг монголдоо анх удаа “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулж байгаа аж. Нуурын эрэгт хүндтэй гадна дотны хүмүүсийг хүлээн авч байлгах 108 гэр барьсан байлаа. Нуурын эргээс зайдуу уулын бэл хэсэгтээ хоорондоо 500 метр орчим зайтай адуу, үхэр, богийн отгийн тус бүр 10 гаран гэр барьсан байх ба нуурын эргийн элсэрхэг хэсэгт тэмээний отгийн гэрүүдийг барьжээ. Наадам болж буй хөндийд ганц ч машин явахгүй үхэр тэргэнд суусан эсвэл морь унасан хүмүүс л харагдана. Машинтай явахыг зөвшөөрөөгүй байв. Наадмын нээлт болж отог тус бүрийн малчид, зохион байгуулагчид таван хошуу малаа тус тусад нь ижилсүүлэн наадмын талбайгаар явуулж байлаа. Их-Уул сумын малчин Х.Лхавгадорж монгол гэрийн тооно, хана, унь гээд гэрийн мод эсгийтэйгээ нийлээд 350кг жинтэй монгол гэрийг наадмын талбайд үүрэн орж ирсэн нь монгол эр хүний сүр хүч, бяр тэнхээг гайхуулсан зэрэг онцлог зүйлүүд нээлтийн үеэр их болж байлаа.

Нээлт дууссаны дараа морь уралдаж, бөх барилдаж, хоёр өдрийн турш отог тус бүр дээр сарлаг булгиулах, дээс томох, таван хошуу малаас гаргаж авсан бүтээгдэхүүнээ зарах, гэх мэт олон арга хэмжээ болсноор наадам дууссан. Гадаадын нэгэн жуулчинтай ярилцахад нүүдэлчин бидний ёс заншлыг гайхан биширч сэтгэл хангалуун буцаж байна гэдгээ хэлж байсан. Маргааш нь бид буцахаасаа өмнө нуурын хойд хэсгийн гулгадаг элсэн дээр очсон юм. Маш их элстэй учир машин дөхөж чадахгүйгээс болж алхаж хүрлээ. Нуурыг хамгийн гоё хэсэг нь гулгадаг элстэй хэсэг байлаа. Өндөр элсэн манхан дээр гараад доошоо гулгахад яг л онгоц дугарч байгаа юм шиг хүнгэнэж эгцээрээ гулгасаар нуурын захын гүехэн ус руу орно. Үнэхээр үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж байж билээ.

Дараа жил дахин зохиогдвол заавал энэ байгалийн сайхан цогцолсон хангай говийн дундах сувдан цэнхэр нууранд ирнэ дээ гэсэн орхиж явамгүй, холдож чадамгүй хорогдох сэтгэлээ тээсээр гэрийн зүг хүлгийн жолоо залж билээ.

2018 оны долдугаар сар

 

            

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.202.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.