УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан долоодахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхсөөр байна. 2016 он МАН-д ээлээ хайрлаж УИХ-ын 76 суудлын 65-ыг авсан. Ардчилсан нам есөн суудал авч бүлэг байгуулсан ч үзэл бодлын улмаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар намаас гарснаа мэдэгдэж ШИНЭ нам байгуулсанаа мэдэгдсэнээр сөрөг хүчин гэдэг үндсэндээ байхаа больсон. Дуучин С.Жавхлан 2016 онд ялсан даруйдаа морь унаж, юүдэн малгайтай ажилдаа ирж байсан ч энэ хэлбэр төдий жүжиглэл нь тэгтлээ ч хол явсангүй. Их хурлын танхимд ч дуу хоолой нь олигтой цуурайтсангүй. Иймээс МАН-д үнэмлэхүй олонхийн суудал авсны хувьд улс орныг үнэхээр хүчтэй засаглавал засаглахаар боломж олдсон. Зуун жилийн настай Монголын ууган намынхан харин эл түүхэн боломжийг тэгтлээ бүрэн дүүрэн ашиглаж амжаагүй байх талтай. Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй тэдэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байсан. Ямартай ч эрх барих намынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулан хэлэлцсээр баталсан нь үнэхээр түүхэн үйл явдал байсантай маргах хүн гарахгүй.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга, монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн шийдвэр байсан. Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болсон. МАН-ын төр барьсан өнгөрөгч жилүүдэд эдийн засгийн өсөлт нэмэгдсэн гэж эдийн засагчид үзэж буй. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш найман жилийн дараа анх удаа Монгол Улсын нэгдсэн төсөв эерэг үр дүнтэй гарсан үзүүлэлт болжээ. Төсвийн алдагдал жил дараалан буурч, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар төлөвлөж байсан ч харамсалтай нь дэлхий дахинд аюулт цар тахлын гамшиг нүүрлэснээр Монгол Улсад төдийгүй дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндрэл учрах төлөвтэй боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч намар УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудын менежмент, үйл ажиллагааг цэгцэлж олон нийт, мэргэжлийн хүмүүсийн бухимдал, шүүмжлэлд хариу өгөх зайлшгүй шаардлага үүссэн. Хардлага дагуулсан, хаалттай, хяналтгүй сангуудын үйл ажиллагааг зогсоож, мэдээлэл нь нийтэд нээлттэй, сангийн хөрөнгө нь хүрэх ёстой эзэндээ очдог болгоё. Энэ бол нийгмийн шаардлага юм” гэж байсан. Энэ шиг үнэн үг байхгүй. МАН-ын хийсэн ажил, хэлсэн гэрэл гэгээтэй бүхнийг харлуулсан зүйл бол Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санг дөч гаруй гишүүд “дээрэмдэж” ЖДҮ-чид гэх алдрыг хүртсэн явдал байлаа. ЖДҮ-чдээс гадна намынх нь нэр хүндийг унагасан концессчид, хүчингийн хэрэгт холбогдож ялтан болсон, зодоон цохионд холбогдож өргөдлөө өгсөн гээд үл бүтэх асуудлууд ар араасаа хөвөрсөн нь 65-ын бүлгийг хагалан буталгаж, хэд хэдэн гишүүн хуулийн байгууллагад сэрдэгдэн шалгагдаж эхэлсэн. Энэ бол ард түмэн сонгогчдын итгэлийг даагаагүйн нэг илрэл гэж түүхэнд үлдэх болов уу.
Ямартай ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “2016-2020 оны мөрийн хөтөлбөр тодорхой үр дүнтэй байгаа гэж дүгнэж байгаа. Улаанбаатарын утаа мэдэгдэхүйц багассан. Мөн сургууль, цэцэрлэгт нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалт орлоо. Эдийн засгаа солонгоруулах зорилт биелж, төмөр замын бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчнийхэн маань хийж байна. Бидний хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэдэгдэхүйц үр дүнтэй цаг хугацаа байсан гэж харж байгаа. Мөрийн хөтөлбөр статистик байдлаар 85.3 хувьтай биелсэн” гэж дүгнэж буйгаа мэдэгдсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь жаран хувьд хүрч биелээгүй бол эрх баригчдыг хугацаанаас өмнө огцруулж байя гэсэн санал санаачилга гарч буй үед хэрвээ дээрх мэдэгдэл үнэнд дөхсөн бол сайн гэсэн үнэлгээ авч болохоор байгаа аж. Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахаа байснаар Утаанбаатар гэгдээд байсан Улаанбаатарын проблем эерэг тал руугаа шийдэгдсэн гэж хэлэхэд хилсдэхгүй болсон нь үнэний хувьтай. Харин утааны асуудлыг шийдсэн байдал коронагийн дуулианд дарагдаад нам гүмхэн өнгөрөх талтай болчихлоо. Говь-Алтай-Баянхонгорыг холбосон замын ажил ашиглалтад орсон ч Дархан-Улаанбаатар чиглэлийн зам эрх баригчдын толгойны өвчин болсоор хоёр жилийн нүүр үзэж буй нь үнэн. Ядаж байхад хөл хорионы улмаас хил хааснаар Хятадаас ажиллах хүчин авч чадахгүй байгаа нь Дарханы замын ажилд садаа болсоор байгаа бол уу. Монгол Улсын малын тоо толгой 2019 онд 70.9 сая болсон аль ч үед байгаагүй үзүүлэлт. Үүнд цаг агаарын таатай байдал ч нөлөөлсөн биз. Мал бол монгол түмний үе үеийн амьжиргааны эх үүсвэр байсаар ирсэн капитал. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраас ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал эрх баригчдад болоод төрийн гурван өндөрлөгт өндөр үнэлгээ өгсөн. Гэвч, эл үйл явдал Монголын эдийн засагт одоохондоо ямар ач холбогдол өгөх, бас ямар хор хөнөөл тарих нь хожмынхонд тодорхой болох бол уу. 2016-2020 оны сонгуулийн жил юутай ч ингээд өнгөрлөө. Одоо 2020-2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Намууд ч мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өргөн барьсан.
МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлахдаа “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэс болгосон байна. Түүнчлэн 2016-2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэд олон нийтийн өгсөн үнэлэлт, салбарын эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгаж. МАН мөрийн хөтөлбөртөө “Алсын хараа-2050”-ын эхний дөрвөн жилийн зорилтуудыг тусгажээ. МАН-ын мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэнэ гэж байгаа. Тодруулбал, банкны зээлийн хүүг багасгах, орон сууцжуулах хөтөлбөр тусгагдсан байх жишээний. Ингэхдээ Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр туслахаар тусгажээ. Мөн иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийх зэрэг асуудлуудыг тусгажээ. Түүнчлэн орлого нэмэгдүүлэх мега төсөлтэй холбоотой зорилт мөрийн хөтөлбөрт багтжээ. Мөрийн хөтөлбөртөө төмөр замын төслийг хэрэгжүүлэх, нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортлох, Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтыг багтаажээ.
Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгээ дуулгаад байгаа. Тэд 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн либериал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгасан гэдгийг намын удирдлагууд онцолсон. Тэд мөрийн хөтөлбөртөө иргэд, олон нийтийн саналыг тусгаснаараа бодит тооцоо судалгаанд үндэслэсэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр болсон гэдгээ дуулгасан. АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх, хөгжлийн бодлого” нэртэй. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цөм нь монгол айл өрх бөгөөд өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт хийж, өсөлт авчрах хөгжлийн хөтөлбөр юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг биш, үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Баялаг бүтээгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжинэ. Эцэст нь монгол хүнийг, монгол өрхийг дэлхийн дундаж орлоготой иргэн, өрх болгоход манай мөрийн хөтөлбөр чиглэгдсэн. Сарын цалингийн дундаж хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Хөдөлмөрийн үр шимээр орон сууц худалдаж авах тэр орлогыг бий болгоно” гэсэн.
Улс төрийн 11 нам, төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ эвсэл” байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүлсэнээ мэдэгдсэн. Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгосон “ШИНЭ эвсэл” нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “шинэ эргэлт”-ийн 21 бодлого боловсруулан, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна. “ШИНЭ эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн онцлог нь шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлига, шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг устгах зорилгоор хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгахад чиглэж байгаа аж. Тодруулбал, хууль хоорондын 115 давхардал, 167 зөрчил, 181 хийдэл байгааг ШИНЭ намын дэргэдэх эрдэмтэн судлаачдын баг тооцож гаргажээ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлж, улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож, намчирхал, талцлыг таслан зогсоож, хариуцлага, сахилга батыг тогтооход онцгойлон анхаарч, авилга, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгохоор Мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Тус эвслийн Мөрийн хөтөлбөрт банк, санхүүгийн салбар дахь монополь тогтолцоог задлан, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлж, улмаар өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг гурван сая иргэнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх, стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийх зэрэг зорилтуудыг тодорхой тусгасан нь анхаарал татаж байгаа юм. Экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, 200 мянган ажлын байр бий болгох тухай “ШИНЭ эвсэл” мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
МАХН, МНН, ИЗНН, Лебирал нам, Эх орончдын нэгдсэн гэсэн таван нам нэгдээд байна. Эвслийн мөрийн хөтөлбөрт сүүлийн 30 жилд төр засгийн алдаатай бодлогыг арилгах, баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ерөнхий агуулгууд багтжээ.
Үндэсний аудитын газар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан. Тус газраас албан ёсоор 208 нэр дэвшигчийн нэрсийг зарласан. Эдний дотор соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч хүн ч байна. Намдаа ад үзэгдсэн улстөрчид байна. Хөлөөрөө болон амаараа зурдаг зураач байна. Гараараа зурдаг зураач байна. Үнэхээр нийгмийн янз бүрийн давхаргын төлөөллүүд багтжээ. Монгол Улсын хувь заяаг эд авч явж чадах уу гэсэн асуулт нэн түрүүнд төрнө. Ийм олон нэр дэвшигчдээс УИХ-д зонхилбол УИХ-ын эрх зүйн чадамж болж чадах уу гэсэн сонголт бидний өмнө байгаа. Монгол Улсын ирээдүйд хэрэг болчихоор залуусын нэр ч мэр сэр харагдана. Парламентын танхимд өнөө юу хамгийн үгүйлэгдэж байна вэ гэвэл эрдэм боловсролтой, ард түмний эрх ашгийг хамгаалсан хууль батлалцаж чадах тийм эрхмүүд хэрэгтэй. Агаарын агаарын юм ярьдаг утопи үзэлтнүүд үнэндээ өнөөдөр Монголын улстөрд хэрэггүй. УИХ-ын гишүүн байсан зарим нөхөд хуулийн хамгаалалтан дор халхавчлагдахын тулд бие даагч болсон нь анзаарагдаж байгаа. Монгол Улс ирэх жилүүдэд эдийн засгийн хувьд томоохон шалгалтуудтай тулгарах нь тодорхой учир Засгийн газрын хөнгөлөлттэй сангуудыг “хуурайлдаг” нөхөд төрийн түшээгийн суудал дээр баланд дурласан баавгай шиг хорхойсоод байх хувь талаасаа ч, хувьсгал талаасаа ч ямар ч утгагүй байх болно. Эх орон элгэн түмнийхээ төлөө сэтгэл зүтгэлээ зориулж чадах тийм л залуусын арми өнөөгийн Монголын улстөрд хэрэгтэй. Ринчен гуайн зээ хүү Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн хүү О.Одбаяр, үнэн үгээ хаа ч хэлдэг яруу найрагч Ц.Хулан, АН-ын гишүүн асан Д.Мөнх-Эрдэнэ нарын улс орныхоо эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж чадах мэр сэр хүмүүс анзаарагдаж байдаг. Улстөрийн ашиг хонжоо хайж, сэдэв хөөсөн, жалга довны үзлээр өвчилсөн жижигхэн улстөрчид Монголыг үнэндээ цөхрөөж байгаа. Тиймээс сонгогч олон ч энэ жилийн сонгуульд бодитой хандаж сонголтоо маш нягт нарийн хийх биз. Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ хямралтай буй эл цаг үед Монгол Улсыг ирээдүйд авч явах залуусын шинэ үе хүчтэй давалгаалж гарч ирвэл өнгөрөгч гучин жилийн алдаа оноо цэгцрэх замдаа орох буй заа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин