УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх 15 нам, дөрвөн эвсэл нэр дэвшигчдээ албан ёсоор баталгаажуулж зарлалаа. Энэ жилийн сонгууль МАН, АН, бусад гэсэн харьцаатай явагдана гэж харж байгаа.
Улстөрийн гол тоглогч гэгддэг эрх баригч МАН, сөрөг хүчин болох АН-ынхан нэр дэвшигчдээ тодруулахдаа алдаа гаргаж, хоорондоо үгсэн хуйвалдсан шинжтэй, тохироо хийсэн мэт сэтгэгдэл төрүүлж байна. Ямартай ч зонхилогч хоёр гол нам баталгаатай сонгогдох байсан зарим нэр дэвшигчдээ зориудаар өнжөөж байгаа нь цаанаа МАНАН-гийн Засаг байгуулах гэсэн нууц тохирооны суурийг тавьсан ч байж мэдэх юм.
Эрх баригч намын зүгээс У.Хүрэлсүх даргыхаа үгийг сөрөх чадалтай хүн хараахан алга. Энэ удаагийн сонгуульд МАН хараахан олонх болж чадахааргүй өнгө аятай байна. Учир нь гарцаагүй сонгогдох бүрэн боломжтой, олон өдөр хоногоор тойрог хороогоо усласан горлигчид ийнхүү бай ч үгүй, банз ч үгүй хоосон хоцорч байна. Нам ялбал бодно гэсэн намын даргын хуурамч үг тэдний хүрэл зүрхийг түр зуур тайвшруулж байгаа нь гарцаагүй юм.
Бусад жижиг намууд бэлтгэгдсэн боловсон хүчин, хүний нөөцийн боломж тааруу учраас гудамжинд тэмцэж олонд танигдсан хэн байна түүнийг урьж залах нь халгүй элсүүлж байгаа бол хоёр том нам сайн сайн боловсон хүчнээ хог дээр хаяж, мөнгөтэй бүлэглэлүүдийг тэжээн тэтгэж байгаа нь сонирхол татсан үйл явдал болоод байна.
У.Хүрэлсүхийн эхлүүлсэн МАН доторх сэлэм эргүүлэлт, С.Эрдэнийн эхлүүлсэн АН доторх шинэчлэл ямар ч үр дүнгүй байна. Ингээд МАН, АН-с сонгогдвол гарцаагүй ялах боломж байсан ч намын даргын үзэмж, бүлэглэлүүдийн хүчинд автаж, сул хүмүүст боломжоо алдсан эрхмүүд хэн хэн бэ гэдгийг эргэн санъя.
У.Хүрэлсүхэд гологдсон ч тойрогтоо торойгоод гарах боломжтой байсан эхний эрхэм бол
- Дундговь аймагт санаархаж байсан Баатарын Амарсанаа юм. Тэрбээр 2012, 2016 онуудад Б.Наранхүүгийн хүчтэй өрсөлдөгч гэдгээ илэрхийлж бие дааж хүртэл нэр дэвшиж байсан. МАН-ын бага хурлын гишүүн. НАМОХ-ын удирдлагад байсан, МАН-д бэлтгэгдсэн боловсон хүчин юм.
- О.Одбаяр: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар МАН-с нэр дэвшихээр бэлтгэлээ базаасан ч 2020 онд цаг нь биш бололтой. Түүнийг МАН-ын бага хурлаас дэмжсэнгүй. Өмнө нь “Эрдэнэс Монгол” ХХК-нийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан юм.
- Г.Тэнгэр. Тэрбээр 2016 онд Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшиж байсан. Түүнчлэн Элчин сайдад нэр дэвшээд бас л амжаагүй. МАН-д бэлтгэгдэж буй боловсон хүчин. Гадаад харилцааны яаманд олон жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн.
- ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле. Цөөнхийн төлөөлөл болж монголын төрд хүчтэй зүтгэж яваа нэгэн. Хөдөө аж ахуйн дэд сайдаар олон жил ажиллаж байгаа. 2020 оны сонгуульд Баян-Өлгий аймгаасаа нэр дэвших байсан ч Х.Баделхан сайдын овгийнхонд квотоо дээрэмдүүлсэн.
- Ж.Батбаясгалан. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч. Улстөрд эртнээс бэлтгэгдсэн хүн. Одоо Улаанбаатар хотын хамаг ажлыг голлон хариуцаж байгаа. Агаарын бохирдлын бууруулахад хотын удирдлагын багт орж, өөрөө хариуцан 60 хувь бууруулсан түүхэн гавьяатай нэгэн. Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч эцсийн мөчид Д.Лүндээжанцан гишүүнд суудлаа булаалгасан.
- М.Энхболд. Монгол Улсын их хурлын дарга, дэд дарга, Ерөнхий сайдаар нэг удаа, Шадар сайд, Хотын дарга, дүүргийн Засаг дарга, МАН-ын даргаар хоёр удаа сонгогдсон туршлагатай улстөрч. Гэвч энэ удаа намын шийдвэрийн дагуу өнжиж, түр завсарлага авч байна.
- Д.Хаянхярваа: Дархан-Уул аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсон төрийн түшээ. Сангийн сайд, МАН-ын бүлгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай хүн. Мөн л МАН-ын шийдвэрийн дагуу 2020 оны сонгуулийг өнжиж байна.
- Д.Баурыжан: Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга. Тус аймгийн МАН-ын хорооны гишүүн. 2020 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймгаас нэр дэвшихээ илэрхийлсэн ч Х.Баделханы овгийнх биш учраас мултарсан.
Сөрөг хүчний шилдэг улстөрчид ба С.Эрдэнэ даргын “таалалд нийцээгүй” эрхмүүд...
- Лу.Гантөмөр: Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, УИХ, ЗГ-ын гишүүн асан. Боловсролын сайдаар ажиллаж байх хугацаандаа “Цөм хөтөлбөр”-ийг санаачлагч.
- М.Тулгат: НИТХ-ын төлөөлөгч. 2016 онд Баянзүрх дүүргээс Нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн. Тэрбээр 2012 оноос хойш тус намд тэрбум орчим төгрөг зарцуулсан.
- М.Батчимэг: УИХ-ын гишүүн асан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан. АН-д бэлтгэгдэж буй хүчирхэг эмэгтэй. Орхон аймагт нэр дэвшихээр яригдаж байсан ч намын дэмжлэг аваагүй.
- Ц.Оюунгэрэл: УИХ, ЗГ-ын гишүүн. Соёлын сайдаар ажиллаж байхдаа алдагдсан Динозаврыг эх нутагтаа эргүүлэн авч ирсэн. АН-ын эмэгтэйчүүдийн толгойлох үүрэгтэй. Намдаа нэр хүнд сайтай. Хөвсгөл аймагт өрсөлдөхөөр нэр нь яригдсан ч С.Эрдэнэд таалагдаагүй учраас мандатгүй хоцорсон.
- П.Цагаан: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Хөвсгөл аймагт нэр дэвшихээ илэрхийлж байсан ч НАМ-нь дэмжээгүй. Түүний оронд Да.Ганболдыг илгээсэн.
- Гарьдхүүгийн Баярсайхан: АН-ын ҮБХ-ны гишүүн, ЧД-ийн АН-ын дарга. Өмнө нь УИХ, ЗГ-ын гишүүн байсан. АН-ын дарга С.Эрдэнэтэй дэнчингийн 300 саяыг төлөх боломжгүй хэмээн маргалдаж Чингэлтэй дүүргээс дэвших эрхээ хасуулсан.
- Р.Эрдэнэбүрэн. Дундговь аймгаас нэр дэвших магадлалтай байсан эрхэм. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан. Тэрбээр АН-ын Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. АН- 100 саяаа тушаасан ч дэмжлэг авч чадсангүй.
- М.Хүдэрбаатар: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслах байсан. Хэнтий аймгийн АН-ын гишүүн. Тэрбээр Хэнтий аймагт 2016 онд нэр дэвшсэн ч Б.Бат-Эрдэнэ аваргад ялагдал хүлээсэн.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин