2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу явагдаж байна. Одоогийн байдлаар хоёр том намын зүгээс бусад жижиг намууд руугаа чиглэсэн элдэв хар, хор хийж эхлээгүй ч зарим нэгний самбарын зургийг урах, цоолох гэх мэт жижигхэн хорлон сүйтгэх ажиллагааг өрнүүлсээр байна.
Энэ удаагийн их хурлын сонгуульд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа 11 төлөөгч өрсөлдөж байна. Эрх баригч МАН-с Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгч, Нийслэлийн ИТХ-ын дарга асан, одоо Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байгаа С.Амарсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, МАН-ын гишүүн асан Сонгинохайрханы С.Мөнхчулуун, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Б.Бат-Амгалан нар дэвшиж байгаа бол
Сөрөг хүчин болох Ардчилсан намаас НИТХ- дахь бүлгийн ахлагч, АН-ын генсек Ц.Баатархүү, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Баянгол дүүргээс сонгогдсон төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Хан-Уул дүүргээс төлөөлөгч Б.Түвшин, Хотын дарга асан Э.Бат-Үүл, П.Батчимэг нар нэр дэвших болзлоо хангаж улмаар сурталчилгаагаа эхлүүлээд байна.
Харин эдгээр төлөлөгчдөөс өмнөх дөрвөн жилийн хугацаанд тойрог хороондоо хэн хэн юу хийсэн бэ, ямар шалгуураар дээшээ өрсөлдөх авсан бэ гэдэг нь сонин байна. Сайхан зүйл, мөрөөдлийн жагсаалт, тендерийн бизнес ярьж өнгөрүүлсэн дөрвөн жилд нийслэлд хичнээн хүн амь эрсдэв. Сайжруулсан түлшинд хичнээн хүн угаартав. Аав ээжийнхээ аз жаргал, баяр баясал болсон хичнээн хүүхэд нялхаараа ертөнцийн мөнх бусыг үзэв.
Хүүхдүүд өлбөрч үхэж байхад нийслэлийн төлөөлөгч нар эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө чинээгээ булаацалдан маргалзаж, “зодолдож” байв. Өмнөх хийсэн ажлуудыг үгүйсгэж, нэр хаягийг нь өөрчилж, хөрөнгө оруулалт, санхүүжилтыг нь хасаж, нийслэлийн ажлыг гацаасан дөрвөн жилийг тэд өнгөрөөжээ.
Тэд бүгд Улаанбаатар хотод хүний эрх, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байхад юу ч дуугараагүй. Хэн нь ч харуицлага хүлээгээгүй. Ажилгүй олон залуус гудманд гарч, архинд живж байхад хэн нь ч зөв бодлого гаргаж шийдвэрлээгүй. Нэг нэгнийхээ хийх гэсэн ажлыг шүүмжилж эсэргүүцсээр, хэвлэлээр нэгнийгээ харлуулсаар байгаад дөрвөн жилийг үдсэн.
С.Амарсайхан дарга аа... Таны сонгогдсон Налайх дүүрэгт хичнээн иргэн ядуу амьдралаас салж, дундаж давхаргад шилжив. Хэдэн хүн ажилтай болов. Та хотын даргын хувьд нийслэлийн иргэд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахын тулд яг ямар бодлого хэржүүлсэн юм бэ...?
Ц.Одонтунгалаг, Э.Бат-Үүл төлөөлөгч дөө... Баянголын иргэдийн амьдрал хэдэн хувиар сайжир ваа... Хичнээн мянган айлыг дахин төлөвлөлтөөр орон сууцжуулж чадав...?
Т.Батцогт, Б.Бат-Амгалан төлөөлөгчдөө... Баянзүрх дүүргийн иргэдийн амьдрал яагаад өнгөрсөн дөрвөн жил сайжирсангүй вэ... Яагаад энэ дүүрэг гэмт хэрэг, хүчирхийллийн үүр уурай болчихов. Та хоёрын сонгогдсон дүүрэгт 11 сартай нярай өлбөрч үхлээ... Та нар энэ дүүргийн хүүхдүүдийг идэх хоолтой байлгахын тулд яг ямар шийдвэр гаргав.
Ж.Алдаржавхлан, Б.Түвшин төлөөлөгчид өө... Хан-Уул дүүрэг ямар асуудлууд шийдсэн бэ... Богдхан уул шатаж байхад дүүргийн төлөөлөгчид юу хийв. Ядаж иргэний хувиар ганц хувин ус зөөж өгсөн үү... Эко дүүрэг гэсэн. Хороолол дундах зам, авто зогсоолыг яаж шийдвэрлэв. Том том хорооллын хүүхдүүд сургууль цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадсан уу...
Ц.Баатархүү дарга аа... Дэнжийн мянгад амьдардаг хүүхдүүд тоглох газаргүй, сурах сургууль цэцэрлэггүй, эцэс сүүлдээ амь насаараа хохирч байна. Энэ хороололд хичнээн мянган хүүхэд амьдардаг юм. Та тойрогт яг юу хийсэн юм бэ... Хүнсний талоноор амьжиргаагаа залгуулдаг олон айл байдаг юм билээ... Тэдгээр айлуудад очиж амьдрах ахуйтай нь танилцаж, санаа бодлыг нь сонссон уу...
Ц.Сандаг-Очир дарга аа... Багануур дүүргийн нутаг дэсвгэрт химийн хог булшлахаар болоод байхад та яагаад дүүргийнхээ иргэдийн эрх ашгийг хамгаалж тэмцэхгүй, үг хэлэхгүй байна вэ. Таны удирддаг дүүрэгт ураг төрөл, удмын сүлжээ төрийн албаар дүүрч байхад яагаад нүд нь балай чих нь дүлий ява вэ...
Яагаад, яагаад, яагаад... Эрхэм төлөөлөгч нараа... Хүүхдүүд амь эрсдэж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байхад яагаад юу ч дуугараагүй хэрнээ сонгууль болохоор 10, 20-лаа эрх мэдлийн төлөө тэмцэж, гишүүний, сайдын сэнтий рүү зүтгэнэ вэ.
Та бүхэн хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр, хүчирхийллийн эсрэг “А” ч гэж хэлээгүй шүү дээ...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин