Номын баяр Бурхан Багшийн их дүйчин өдөртэй таширлан хөл хөгжөөн дүүрэн болж өнгөрлөө
Нийтлэл
/
2020-06-09

“Улаанбаатар номын баяр-2020” уламжлалт сайхан үйл ажиллагаа “Мишээл экспо” төвд гурав хоногийн турш хөл хөгжөөн дүүрэн  болж өнгөрлөө. Дэлхий нийтээр цар тахлын хөл хорионд ороод буй эл цаг дор зохион байгуулагдсан номын баярт зохиолч, уншигч, хэвлэн нийтлэгчид, уран бүтээлчид өргөнөөр оролцов. Энэ жилийн нэг онцлог нь “Цааснаас цахимаар уншъя”, “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар “Цахим номын баяр” нэрийн дор дэлхийн өнцөг булан бүрт суугаа уран бүтээлчид хамрагдсан. Эл баярыг жил бүр “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын хамт олон түүчээлж санаачилж ирсэн юм. Бурхан Багшийн их дүйчин өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15, зургадугаар сарын 5-ны өдөр номын баярын нээлт болж ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, зохиолч Б.Наминчимэд, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Жамьяан нарын Монголын зохиолч яруу найрагчид үгээ хэлж, ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ ая дуугаа өргөсөн. Номын баярт очигсод хошуувчаа нямбай зүүж, бээлийгээ өмсөж, ороход зохион байгуулагчид зочдын халууныг үзэн оруулж байсан. Мөн өдрийн 15 цагаас яруу найрагч Дашзэвэгийн Цогбадрахын “Яруу найргийн төгсгөлд”, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Андрейн Сүглэгмаагийн “Хураангуй” номуудын нээлт боллоо. Номын хуримд яруу найрагч Баянмөнхийн Болорцэрэн, МЗЭ-ийн хяналтын зөвлөлийн тэргүүн Батсүрэнгийн Урангоо нар оролцож шүлгээ уншлаа. Номын баярын гол онцлог нь зохиогч, орчуулагчид, хэвлэлийн компаниуд, хуучин номын худалдаа эрхлэгчид нэг дор цуглаж,  ном бүтээлээ хямдралтай үнээр борлуулдаг. Мөн зохиолчид уншигчидтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсон, дурсгалын зураг татуулан, өөрсдийн номын  эхний хуудсанд гарын үсэг, дурсгалын үгийг буулгадаг заншилтай. Номын баярыг  зохион байгуулагчдын нэг, “Язгуур контент” ХХК-ийн захирал  Г.Ганчулуун “Энэ жилийн номын баярын онцлог нь цааснаас цахим руу гэсэн уриатайгаар гэртээ байгаа хүмүүст номын  баярыг тэмдэглэх боломжийг хэрхэн олгох талаар зохион байгуулалттай ажиллаж байна. Ер нь мэдээллийн платформуудаар дамжуулан хүргэх, сошиал маркетингийн ажилд  илүү анхаарч ажиллалаа.  Энэ удаагийн баярт ном сонирхогчид бидний бодсоноос хүн их ирж байна. Иргэдийг заал руу оруулахдаа халуун хэмжигчээр шалгаж, маск зүүсэн байх ёстойг анхааруулсан. Бид Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг маш сайн баримталж, үйл ажиллагааг зохион байгуулж   байгаа. Худалдан авалт маш сайн байлаа. “Монгол шуудан” компани номын захиалгыг энэ танхимаас  захиалагчдад шууд хүргэж өгч ажиллалаа” гэсэн юм.

Номын үзэсгэлэнгийн танхимд ардын уран зохиолч П.Бадарч, төрийн шагналт яруу найрагч С.Оюун, орчуулагч Жамсрандоржийн Оюунцэцэг, О.Чинзориг, зохиолч Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа, С.Пүрэвсүрэн, Б.Наминчимэд, Ж.Бямбасайхан, Д.Жамьяан, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй нарын номоо зарж буй асрууд хүн хөлд дараатай байсан. О.Дашбалбар сан, “Зохист дорно” хэвлэлийн газрын асраар ч ном сонирхогчид бужигнаж байлаа. Д.Төмөр-Очирын “Хөх толботын номын тэмдэглэл” номыг авахаар цахим номын бүлгэмийнхэн нь их ирж байсан. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сувд хэдийгээр АНУ-д хөл хориотой байгаа ч номын баяраа амжилттай тэмдэглэж чадсанаа “Дэлхий нийтээр олон нийтийн үйл ажиллагааг хориглож, цар тахлын үеийн дэглэм сахихыг шаардаж гэртээ байхыг уриалж байгаа энэ цаг үед бид ч мөн номын баяраа хийж чадахгүй нь гэсэн харамсал тээж байлаа. Гэвч олон нийтийн үйл ажиллагааны салхийг хагалж, эрүүл ахуйн шаардлага, зөвлөмжөө мөрдөн нийгэм, олон нийтийн хүсэн хүлээдэг уламжлалт номын баяраа таслалгүй нягт зохион байгуулалт, дэг журамтайгаар 27 дахь баяраа амжилттай тэмдэглэлээ.
Номын баяр бол бидний баяр. Бид бүхний 14 жилийн хөдөлмөр, номын баяраа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтдаа хичээсэн цаг хугацаа юм. Номын баяраа хийхэд үргэлж бэрхшээл тохиодог нь уламжлал болжээ. Бэрхшээл бүрийн цаана бэлэг ёсоор дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, хүнд шаналант өдрүүдийг бага ч гэсэн гэрэл гэгээгээр сүлсэн гэдэгт итгэж байна. Болж бүтэхгүйг хараан зүхсэнээс өөрөө нэг ч гэсэн лаа асаа гэдэг. Иргэн бүр нийгмээ сайхнаар бүтээхэд, гэрэл гэгээтэй болгоход өөрийн чадах зүйлээрээ үүрэг оролцоотой байгаарай. Ном уншдаг, үзэл бодол нь төлөвшсөн иргэн эх орны үнэт баялаг байдаг гэдэгт би итгэдэг. Ирээдүйгээ гэрэлтэйгээр бүтээхэд та бидний, хүн нэг бүрийн оролцоо чухал. Тиймээс нэгдэж чаддаг, хөдөлмөрлөдөг, номд дуртай олон олон хүүхэд залуустай хамт номын баяр өсвөр насандаа явна. Хавар, намартаа цуглаж номд умбах жаргалыг баярт оролцдог ном бүтээгч, зориод ирдэг уншигчид та бүхэн хамгийн сайн мэднэ. Баярын хүндэт зочид болох хүүхэд багачуудад энэ удаа хаалттай болсон ч намрын сайхан налгар өдөр буюу есдүгээр сарын гурав дахь долоо хоногт эх орныхоо нийслэл төв талбайдаа уулзах товоо зарлан энэ удаагийн баяраа өндөрлөж байна. Номын гэгээ түгэх болтугай!” гэж чин сэтгэлийн илгээлтдээ дурдлаа.

Энэ үеэр орчуулагч Ононгийн Чинзоригтой уулзаж тодруулга авсан юм.

-Номын баяр сайхан болж байна уу?

-Номын баяр өргөн дэлгэр сайхан боллоо. Өмнө нь төв талбай дээр болдгоос ч өргөн дэлгэр болж байгааг өөрөө ч гэсэн анзаарч байгаа байх. Манайхан хаа байсан холоос “Мишээл экспо”-г зорин ирж ном худалдан авч байна. Ардын уран зохиолч Бадарч гуай хүртэл өндөр насыг насалсан мөртлөө ирээд уншигчдадаа гарын үсэгтэй номоо худалдаад сууж байгаа нь үнэхээр бахархалтай.

-Номын худалдааны асар, лангуунууд өндөр үнэтэй түрээстэй байна уу, үгүй юу?

-Харьцангуй гайгүй. Нэг асарт дөрвүүл нийлээд гурван өдөрт 400 мянган төгрөгөөр түрээсэлж суусан. Ер нь манай төр засаг, БСШУС-ын яам ганц нэг зохиолчийн номыг олон сая төгрөгөөр худалдан авч бүх сумдад тарааж байхаар бодитой, олон түмнээ бодсон ажил хийх цаг болж. Боловсролын яамны жилийн төсөв Батлан хамгаалах яамны төсвөөс өндөр байдаг. Тэгсэн атлаа олон түмэнд хандсан олигтой ганц ажил хийдэггүй. Энэ “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимыг сард нэг удаа амралтын өдрүүдээр түрээслээд номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг болчихвол Монголын ард түмнийг ёстой жинхэнэ соён гэгээрүүлсэн үйл ажиллагаа болно. Тэгвэл ном хэвлэн нийтлэгч, хэвлэлийн газрууд, уран бүтээлчид, зохиолч, яруу найрагчдаа дэмжсэн жинхэнэ гэгээрлийн үүд нээгдэнэ. Үүнийг л Боловсролын яам, төр засаг анхааралдаа аваасай гэж хүсэж байна гэлээ.

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.109.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.