БАЯН нэртэй ЯДУУ дүүргийн иргэдээ мартсан орлогч, тойргоо сольсон горлигч хоёр
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-10

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүн бололтой Г.Атармаа гэх эмэгтэй өөрийн нүүр хуудастаа “Дүүргийн 36 сая иргэний төлөө юу ч хийгээгүй байж, одоо өөрчилнө гэж юу байхав” гэх утгатай нэгэн пост оруулжээ... Бодоход Баянзүрх дүүргийн хүн ам яаж 36 сая хүрэх вэ дээ. Тоондоо жаахан тааруухан байх эсвэл яаран сандран бичсэн байх. Удалгүй засчихсан байв. Хүн муулах, шүүмжлэх дуртай, хов баздаг эгч нарын л хийдэг ажил л байх гэж бодоод нэг их холбогдол өгсөнгүй.

Ургуулаад бодлоо. Монгол улсын нийт хүн амын 10 хувь нь амьдардаг энэ том дүүрэг УИХ-ын сонгуульд Нийслэлийн гурван төлөөлөгч нэр дэвшиж байгаа. Энхтайваны Бат-Амгалан. Нийслэлийн төлөөлөгчөөр дөрвөн жил суусан нь үнэн... гэхдээ яг юу хийж бүтээсэн нь тодорхойгүй. Дүүргийн Засаг даргын тамгыг атгаад алдсан. “Тамгатай хутагтууд” гэдэг шиг энэ цагт хоёр цаг тамга атгаад үзсэн ахархан тавлинтай нэгэн.

Түмэндэмбэрэлийн Батцогт: 2012 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 онд НИТХ-ын төлөөлөгч. Түүнчлэн найман жил орчим БЗД-ийн Засаг даргын орлогч гэсэн давхар дээл өмссөн. Одоо Дэд бүтэц хот төлөвлөлт асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч гэсэн сэтэртэй. Гэтэл энэ дүүрэг дэд бүтцийн хувьд хамгийн муу дүүрэг. 11-р хорооны айлууд өнөөдрийг хүртэл өөрийн газраа өмчилж чадахгүй, тог цахилгаангүй. 20 дугаар зууны амьдралаараа амьдарч байна. 23-р хорооны иргэд хэзээ л хэзээ галд автахад бэлэн хичнээн залгаа ил утсаар цахилгаанаа авдаг. 19, 20 дугаар хорооны иргэд хотын төв рүү орох унаагүй хичнээн км газар алхдаг. Шар хадны эцэст айлууд нэгнээсээ тог авч амьдралаа гэрэлтүүлж байна. Гэтэл Т.Батцогт орлогч юу хийв. Бодит амьдралтай нь очиж танилцав уу.... Хүн бүр фэйсбүүкт нэвтэрч, дэлхий дахины мэдээллийг ухаалаг утсаараа авч байхад хэсэг Баянзүрх дүүргийн хэсэг айл XX зууны амьдралаараа амьдарч, лааны гэрэлд борцоо нүдэж байна. Дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Т.Батцогт та энэ асуудалд яагаад анхаарал хандуулахгүй, хуруугаач хөдөлгөхгүй найман жилийг өнгөөрнө вэ...

НИТХ-ын хуралдааны танхимд хэрүүл хийж, МАН-ынханы ажил үүргийг шүүмжилж суухаар хурлаа хаяад 11-р хороо, 23-р хороодын айл өрхүүдээр очиж аж байдалтай танилцахгүй яагаав. Таны хариуцсан ажил үүрэгт танай дүүргийн хог ч их хамаатай. Баянзүрх дүүрэг бараг “Цагаан даваа”, “Улаанчулуут”-ын хогийн боллоо. Үүнд яагаад анхаарал хандуулахгүй байна. Том даргын хувьд биш юмаа гэхэд ядаж энэ дүүргийн энгийн иргэний хувьд санаа зовдоггүй гэж үү...

11 хэн сартай, ой хүрээгүй хүүхэд өлбөрч үхэж байхад эцэг хүний хувьд, дүүргийн даргын хувьд элэг тань эмтэрч, зүрх тань өвдөөгүй гэж үү.... Эрхэм орлогчоо таныг албан тушаал, улсөрийн намын сонгууль хөөцөлдөх зуур дүүргийн иргэдийн чинь амьдрал улам дордож, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын тоо нэмэгдэж байна. Бодит байдал, үнэн төрх ийм байхад та өөрийгөө дөрвөн жил тойрогтоо, хороондоо сайн ажилласан гэж хуурамч үгээр халхавч хийж УИХ-ын гишүүний сэнтийд юунд санаархана вэ... Таныг дүүргийн орлогч, Нийслэлийн төлөөлөгч байхад дүүргийн чинь амьдралд ямар ахиц дэвшил гарсан юм бэ... Та ядаж гэр хорооллын иргэдээ дахин төлөвлөлтөд хамруулж чадаагүй шүү дээ.

Цогтоогийн Одонтунгалаг төлөөлөгч энэ жил Баянголоос гологдож Баянзүрх дүүрэгт толгой хорогдохоор ирсэн. Мөн нь Нийслэлийн төлөөлөгчөөр найман жил суусан. Өөрийн төрөлх Увс аймагтаа дэвших гээд амжилт олоогүй. Баянгол дүүрэгт юу ч хийгээгүй. Автобусны кондукторуудыг цуглуулан мөнгө хураагч, шалгагч болгон ашиглаж, өөрийн бизнесээ дэлгэрүүлсэн гэх яриа бий. Өмнө нь Автобус баазын даргаар ажиллаж байсан учраас ямар арга хэрэглэж мөнгө олох боломжтойг энэ эрхэм олж харсан байж ч магадгүй.

Баянгол дүүргийн хүүхдүүд сургууль, цэцэрэглэггүй найман жил боллоо. Та тэгэхэд юу хийсэн бэ. Ядаж өөрийн санаачилга, оролцоотойгоор ганц сургууль, цэцэрлэгийн шавь тавьсан уу... Хүмүүс хуучин байрандаа даарч, бээрч амьдарч байхад та санаачилга гаргаж ганц байр дулаалж өгсөн үү. Бяцхан хүүхдүүд халуун тогоонд түлэгдэж байхад эх хүний хувьд таны өр өвдөж, сэтгэл шимшрээгүй гэж үү... ядаж халуун тогооны стандарт горимд анхаарч ажиллах санал  гаргаагүй юм бэ... Шахмал түлшинд сонгогдсон тойргийн чинь иргэд угаартаж байхад тэдний төлөө анхаарал тавиагүй юм бэ. Хийж бүтээсэн, засаж сайжруулсан, нийлэлийн төсвөөр тойрогтоо, хороондоо яг юу хийв. Өөрөө та яг ямар төсөл, хөтөлбөр санаачилсан юм. Хичнээн хүнийг ажлын байраар хангав. Таны хувьд нийслэлийн бодлогод нөлөөлсөн, биелүүлсэн зүйл байна уу...

Хийсэн ажилгүй, хэлэх үггүй учраас энэ удаад тойргоо сольж тушаал дэвшихээр гишүүний суудал мөрөөдөж явна уу.... Баянголд юу ч хийгээгүй байж одоо Баянзүрхийг яаж хөгжүүлнэ гэж худлаа амлана вэ... Үйлдвэрлэл, үйлчилгээний цөм, байшин хорооллын асуудлыг шийдэж чадаагүй хүн яаж гэр хорооллын асуудлыг мэдэх вэ... Паартай байшин, паалантай жорлонд амьдрарч, санаа зовох зүйлгүй амьдарч байгаа танд өдрийн хоол, хоногийн түлшээ арай гэж аргацаадаг Баянзүрхийн ядуу иргэдийн амьдрал зохихгүй байх...  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.