Орхоныхны ОНЦЛОХ сонголт хэн бэ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-16

УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт 30 шахам нэр дэвшигч өрсөлдөнө. Монголын төсвийг бүрдүүлэгч томоохон үйлдвэртэй, Үндсэн хуулиар хотын статустай болж байгаа гэдгээрээ Орхон аймаг яах аргагүй улстөрчдийн анхаарлыг татах тойрог. УИХ-д олон жил тухалж, ашиг шимийг нь үр хүүхэд, төрөл төрөгсдөөрөө хүртэгсэд Орхоныг “Эрдэнэт”-д шахаа хийх том боломж, орлогын эх үүсвэр гэж харж байгаа. Тиймдээ ч Орхоны тойрогт гал гарч, нэр дэвшигчид нам гэхээсээ илүү бүлэглэлээр нэгдэж мэдэхээр байна.

Ц.Нямдоржийн зүтгэлд Н.Алтанхуяг хүч нэмнэ

МАН-ын дархлагдсан кадр, бүлэглэлийн “хар дэвтэр”-ийг өвөрлөгч Ц.Нямдорж энэ удаад Орхоныг онилж, эзэн суухаа мэдэгдээд байгаа. Хан-Уулын тойргоо хаяж Эрдэнэтийг бараадсанаа тэр дөрвөн жилийн өмнөөс ил мэдэгдсэн. УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үг бүрд нь Эрдэнэт гэдэг үг хавчуулаастай, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн учрыг мэдэж байгаа дүр эсгээстэй байсан нь үүний илрэл.

Гэхдээ Ц.Нямдорж сайд энэ удаа өөртөө итгэл муутай байна. Ирж яваа Эрдэнэтийн ирээдүйг харьж яваа Нямка тэргүүтнээр дуулуулах нь юу л бол. Тиймдээ ч нутгийн дүү Н.Алтанхуягаа бөөрөндөө наагаад очиж байна. Нүүрс хөтөлбөрийг будлиантуулж, хүргэн Дэнзэнтэйгээ шүүхийн хаалга татсанаа “хонгилдуулчихлаа” хэмээн намдаа гомдож, бие даагч статустай болсон Н.Алтанхуягт эрдэнэтийнхэн санал өгөх юу л бол. Сонгогдлоо ч бие даагч УИХ-д юу хийж, бүтээх билээ. Өс хонзон ярьсаар дөрвөн жил өнгөрөөнө. Мань хүнд хийж бүтээхээс илүү “хонгил”-оос мултрах, цаашдаа голж хаясан намынхандаа хорслоо тайлах л зорилго бий. Гэмгүй үлдэх, АН-аас өшөөгөө авах зорилгод нь хуулийн салбарыг өөрийнхөөрөө хөдөлгөдөг нутгийн ах хамгийн том тус хүргэх нь гарцаагүй. Цэндийн хүү, Норовын залуутай нийлээд “Хонгил”-ын түлхүүрийг хувилж болохгүй гэж үү.

Мань хоёрын ийм нэгдэлд Орхонд суурьшсан увсынхан тусална гэж тооцоолж. Энэ тооцоолол бас л хуудуутай. Ц.Нямдорж сайд Увсаасаа урваад олон жил өнгөрч байна. Н.Алтанхуягт нутагтаа нэр муутай. Тэгэхээр увсынхны хоршил Орхонд чанга сонсогдох нь юу л бол.

Сайдын суганд хавчуулагдсан хоёр

Ц.Нямдорж сайд нутгийн дүүгээ түшиг болгоод хөөрсөн засаг ноён, хэний ч мэдэхгүй кадр хоёрыг сугандаа хавчуулаад очсон.

Сайтын шантаажаас Монголын эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэхдээ үсээрээ тоглохоос өөрийг хийгээгүй, улс төрийн орчинд цоо шинэ, “ганган” дүр Б.Оюунгэрэл “Монгол ээжийн тархиар дамжиж, монгол хүүхэд гэр бүлийн хүмүүжил олдог” гэсэн логик, жендерийн мэдрэмжгүй уриагаараа өөрийнхөө улстөрийн карьерыг дуусгачихлаа. Намынханд нь ч, түүнд ч УИХ-ын гишүүний нэг суудал төсөөлөгдөөгүй. Сайдаа дагаад сайхнаа хийгээд явах нь түүнд өлзийтэй биз ээ.

Б.Батлут Орхон аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажиллахдаа тойрон хүрээлэгсдээ байртай болгож, өөрөө “Эрдэнэт”-ээс жийп авч тансагласнаараа АТГ-ын үүднээс салахаа болиод байгаа. “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо намын шахааг “Эрдэнэт”-д хийдгээ ил ярьсан тэрбээр далдуур Архангай руугаа ашгийн жим гаргасныг нутгийнхан андахгүй. Дөрвөн жилийн ноёрхол, нам бүлэглэлд үйлчилсэн дөвчигнөл нь энэ удаад түүнийг улстөрөөс холдуулна гэсэн таамаг байдаг юм билээ.

            Босоо Ганбаа босоо рейтинг юунд байна вэ?

Орхонд гал гаргах өрсөлдөгч яалт ч үгүй Босоо Ганбаа. С.Баярцогтод хорин мянган хувьсагч мэдэхгүйгээрээ баалуулж, Ч.Сайханбилэгийн даажигналыг ажралгүй Оюунтолгойн гэрээний алдааг ярьж байсан ганц улстөрч нь яах аргагүй С.Ганбаатар. Оюутолгойн гэрээ хуудуутай байсан, зүтгүүлсэн нөхдүүд нь шүүгдэгчийн ширээнд байгаа өнөөгийн дүр зураг топ, попоор цоллогдсон түүний тэмцэл ортой байсныг гэрчилнэ.

Гэвч Босоо Ганбаа Дарханаа яагаад орхичихов. Түүний чаддаг ажил нь иргэдийн өмнөөс хэлэлцээр хийх. Үйлдвэрчний эвлэлийг удирдахдаа “хэлэлцээр гэж ийм юм байдаг” гэдгийг эрх мэдэлтнүүдэд ч, энгийн иргэдэд ч ойлгуулж ирсэн. “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэтийн иргэд хооронд яг тийм хэлэлцээр ус агаар шиг хэрэгтэй байгаа. Монгол Улсын хамгийн том баялаг төвлөрдөг аймаг атлаа эрдэнэтийнхэн өөрсдөө баялгийн шударга хуваарилалтыг мэдэрдэггүй. Тийм ч учраас С.Ганбаатар гарт орсон ажил болох хэлэлцээрээ хийх, амласнаа ажил болгох боломжит талбар нь Эрдэнэт. Эрдэнэтийн иргэд ГОК-д давуу эрхтэйгээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээрийг тэр ажил болгож чадахаар бэлтгэгдсэн боловсон хүчин. Оюутолгойн булхайг олон улсад дэлгэж, засах боломжийг монголчуудад олгосон тэр “Эрдэнэт” дэх тендерийн шахааг түвэггүйхэн цэгцэлчих биз дээ.

С.Ганбаатар багаа ТВ9 телевизийн ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөр, Тэрээр Удирдлагын Академийн Удирдлагын Социологи сэтгэл зүйн тэнхимийн багш, дэд профессор Б.Хэрлэн нараар бүрдүүлсэн нь том өрсөлдөөнийг бий болгоно.

            О.Баасанхүү олон жилийн карьераа намын гишүүнээр сольчихов уу

“Энхбаярын оймсонд хавчуулагдсан бацаан” гэж Нямка сайдаар найман жил доромжлуулсан О.Баасанхүү гишүүн Орхонд том улстөрч. Орхоны сонгогчид ч түүнд олон жил итгэл хүлээлгэхээр байсан. Гэвч олон жилийн карьераа АН-д элссэнээр үгүй хийчихлээ гэж улс төр судлаачид халаглаж байна. Бие даагчийн статусаар амжилтаа ахиулж, сонгуулийн дараа намын сонголт хийх байсан гэж зөвлөх ч хүмүүс байна. Гэвч сонголт тодорхой болсон. Өөр шигээ хуульч Д.Оросоо, ГОК-ийн үйлдвэрийн дарга, намынхаа нөлөө бүхий ивээн тэтгэгч Ц.Батхуяг нарыг хөтлөөд очлоо доо, Орхонд.

Харин Орхоныхны олзлох сонголт хэн бол. Хариултыг сонгогч танд үлдээе.

Л.Төрбат

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.103.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.