Энэ сонгуулиар сонгогчид шинэ, залуу хүнийг дэмжинэ гэсэн хандлагатай байгаа сонгогчдын судалгаа гарчээ. Харин энэ хандлагыг далимдуулан АН-ыг базсан бүлэглэлүүдийн гар хөл болсон залуучууд олноор нэр дэвшиж явна. АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдоод нэг удаа АН-ынхан фракцгүй боллоо гэж мэдэгдэж байсан ч энэ сонгуулиар фракцуудаасаа ч томорсон бүлэглэлүүд нэр дэвших эрх авсан.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг гурван бүлгийн тохиролцоон дээр нэр дэвшүүлсэн гэх. Тэр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, генерал Б.Хурц нарын, Ерөнхийлөгч Х.Баттулгын, С.Эрдэнэ болон З.Энхболдын бүлэглэлүүд аж.
Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бүлэглэл энэ удаа нэлээд хүчтэй байж олон нэр дэвшигч дэвшүүлсэн, тэр дундаа залуусаа түлхүү явуулсан. АН-ын генсек Ц.Баатархүү, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ц.Элбэгдоржийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр, нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хуульч О.Алтангэрэл, ХХБ-ны төлөөлөл Э.Долгион, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, АПУ-гийн Б.Түвшин, Б.Ганхөлөг нар Ц.Элбэгдоржийн бүлэглэлд хамаарч байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа эдгээр залуус Ц.Элбэгдоржийн УИХ дахь гал хамгаалагчийн үүргийг гүйцэтгэх, бүлэглэлийн эрх ашгийн төлөө л ийнхүү мацаж яваа.
Ц.Баатархүү. Тэр гэнэт АН-ын генсек болсон УИХ-д нэр дэвших эрхээ амархан авчихсан нь Ц.Элбэгдоржтой холбоотой нь тодорхой аж. Тийм биш бол П.Галиндэв, Д.Мөнх-Эрдэнэ, Л.Наранбаатар нар шиг нэр дэвших эрх авч чадахгүй гомдоллож явах байсан биз.Ц.Баатархүү өөрөө фракц, бүлэглэлд багтдаггүй гэх боловч тэр бүр 2005 оноос хойш Ц.Элбэгдоржийн хүн гэгдэх болсон. “Лектор” төвийн гэгддэг тэрбээр Ц.Элбэгдоржийн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан нэгэн.
Дараа нь 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөхийн албыг хашсан. 2012 оны орон нутгийн сонгуульд АН ялснаар Э.Бат-Үүл хотын дарга болж, Ц.Баатархүү Ц.Элбэгдоржийн хот дахь төлөөлөл болон түүний орлогчоор томилогдсон. Ердөө дөрөвхөн сарын дараа тэр гэнэт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь АН-ын фракцуудын зодоонтой холбоотой байлаа.
С.Эрдэнэболд. Мөн л Ц.Элбэгдоржтой ойр, “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч, Хууль зүйн дэд сайд асан Ш.Сүхбаатарын хүү. Тиймээс ч Ц.Элбэгдоржтой ойр байж, Ц.Баатархүү тэр хоёр адилхан Засгийн газрын хэвлэлийн албаны даргаар ажиллаж явсан юм. Тэр эдүгээ АЗХ-ны ерөнхийлөгч. Өмнө нь АН-ын нарийн бичгийн дарга ч явсан. Бусад залуусаа бодвол дээрээ татаас ихтэй.
Ч.Өнөрбаяр. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед 2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж, тэнд ахлах референтээс эхлээд дэд даргын алба хашиж байсан нэгэн. Олон хууль батлуулсан хэмээн онгирох энэ залуу АТГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байв. Ч.Өнөрбаяр зөвлөх хийхийн хажуугаар МУИС-ийн Хууль зүйн сургуульд ахлах багш байв. Дараа нь 2012 онд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхийн алба хашиж явсан. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллах чадваргүй гэгдэж байсан тэрбээр яах аргагүй л Элбэгээгийн хүн.
О.Баасанхүү. Түүний хувьд УИХ-д эхлээд Ц.Нямдоржийн хэлснээр “Н.Энхбаярын оймсны хавчуурга” болж орж ирсэн бол 2016 онд МАН, АН-ынхан саналаа хуваах зуур дундуур нь гүйгээд орчихсон азтан. Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гэсэн ч чадалгүй тус намаас хөөгдсөөр эцэст нь сонгуулийн нэр дэвшүүлэлтээс хэдхэн хоногийн өмнө АН-д орсон. Б.Хурц, Т.Бадамжунай нартай ярилцсан нь ил болсноор түүний МАНАН-гийн хүн болох нь тодорхой болсон.
О.Магнай. Гудамжны тэмцлээс гараагаа эхэлсэн энэ залуу, улстөрд ороод 7 дугаар сарын нэгний үймээнийг эхлүүлж, үүнээсээ болж АН-д элсэж хэргээс мултарсан. АН-ыг засгийн эрх барьж байх үед ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан. АН-ын нарийн бичгийн дарга тэрбээр Ливан улсын иргэнийг залилж, 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нь 724 саяд үнэлэн өөрийн эзэмшлийн компанид шилжүүлэн авсан. АТГ-аас уг хэргийг шалгаж, яллагдагчаар татсан байдаг.2008 оны долдугаар сарын 1-нийг хамт өдүүлсэн Ц.Элбэгдорж түүнийг ивээлдээ авч, хэргээс мулталсан.
О.Алтангэрэл. Хуульч О.Алтангэрэл гээднэг залуу улстөрчдийг шүүмжлээд гүйгээд байдаг байсан. Гэтэл гэнэт АН-д ороод бүр Өвөрхангай аймгийн АН-ын дарга болж. О.Алтангэрэл Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үеэс Шүүхийн ерөнхий зөвлөлд өндөр албан тушаал хашиж байсан хүн. Төрийн албанаас гэнэт зайгаа барьж, улс төр ханцуй шамлан орж, бүр УИХ-д нэр дэвшихээр болсон, аймгийн Намын хорооны даргын албыг хашдаг нь түүний эрийн сайндаа хүрсэн улс төрийн “оргил” лав биш.
Э.Долгион.“Блүүмберг” ТВ, “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч түүнийг АН-д сонгуулийн нэр дэвшүүлэлтийн өмнөх өдөр элсүүлээд л маргааш нь нэр дэвшүүлчихсэн. ХХБ-ны төлөөлөл Э.Долгион бол энэ дундаа хамгийн нөлөөтэй нь ч байж мэдэх. Учир нь түүний ард “Сахал” Д.Эрдэнэбилэг ах нь зогсож буй.
Б.Түвшин.Уг нь НИТХ-ын төлөөлөгч боловч АПУ-гийн Б.Түвшин гэгддэг нэг залуу бий. Түүнийг АПУ-гийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан болохоор ийн нэрлэдэг гэнэ. Энэ удаа АН-аас УИХ-д нэр дэвших эрх авсан нь нэг талаас Г.Батхүү агсны нэр нөлөө, нөгөө талаас Ц.Элбэгдоржийн татаас гэлцэнэ.
Б.Ганхөлөг. Г.Батхүү агсаны хүү. Энэ залуугийн тухайд анх удаа нэр дэвшиж байгаа. Ц.Элбэгдорж нарын дэмжлэг, аавынхаа нэрээр дэвших эрх авсан нь ойлгомжтой. Н.Номтойбаяр нар аавынхаа нас барсан хэргийг нэр дэвшихдээ ашигласан гэж түүний тухай хэлж байлаа.
Г.Самбуу
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин