Бурхан Халдун уулыг аварсан сэтгүүлч Ч.Үл-Үлдоход Чингис хааны маань гэгээн сүнс ч талархаж байгаа
Нийтлэл
/
2020-06-20

Чингис хааны маань гэгээн сүнс ч талархаж байгаа

Үл-Олдох олон жилийн өмнө Баруун-Уртын төв талбай дээр сонгуулийн халуун өдрүүдэд үсээ салхинд хийсгэсэн, хүрэн савхин дээлтэй цогт эх оронч Очирбатын Дашбалбарыг уран илтгэж байхыг алсаас харж зогсохдоо эх орноо, эх нутгаа, элгэн түмнээ элэг зүрхнээсээ хайрлахын сайхныг, басхүү эгэл түмнийхээ төлөө зүрх сэтгэлээ зориулахын ялгуун утгыг анх мэдэрсэн гэдэг. Тиймээс ч тэр л үеийн залуу халуун сэтгэлд нь амьдрал тэмцлийн омогшил, гашуун адармаат үзэл бодол төлөвшиж худал хуурмаг бүхэнтэй тэмцэж, үзгийн хурцаар үгийн үнэнийг онож галтай халуун нийтлэлүүдээ туурвиж ирсэн юм. Олон жилийн тэртээ анх танилцахад аливаад шударга шулуун үгээр гашуун үнэнийг улайхгүй хэлчихдэг омголон зантай нэгэн байсан. Одоо ч тэр л хэвээрээ. Түүний бичсэн олон олон нийтлэлээс үнэний төлөөх омогшил, огшил үнэртэж байдаг. Зургаан буудалд ээжтэйгээ, хоёр хүүтэйгээ дөрвөн ханатай гэрт бор дүрхэн амьдарч байхад нь “Болор цом”-ын эзэн яруу найрагч Шагдарын Лхамноржмаа, “Хурд”-ын “Ээждээ” дууг зохиосон Д.Болд бидний уран бүтээлч нөхөд очиж шүлэг зохиолоо уншин залуу насны яруухан гэрэлт өдрүүдийг өөдрөг гэгээн үдэж байсан нь олонтаа. Үл-Олдохын маань ээж өндөр настай буянтай сайхан буурал хэнийг ч алаг үзэлгүй будаатай цай аягалж, далан давхар бин таваглаж байсан нь одоо ч нүднээ илхэн. Ийм л эгэл даруухан амьдрал дунд найз минь ажиллаж, амьдарч, бүтээж явсныг нь хэлэгдсэн намгүй, хэвлэгдсэн номгүй байхаас сайн мэдэх юм даа. Бид хэн хэнийхээ ээжийг хорвоогийн жамаар алдаж, гунигтай үед нэгэндээ утсаар ч болтугай ганц дулаан үг хэлчих юмсан гэсэн бодлыг сэтгэлдээ тээж явдаг л улс. Найз нөхөд хэн нэгнийг өвдөж зовон эмнэлэгт хэвтэхэд хамгийн түрүүнд Олдох л халуун савтай хоол, цай бариад эргэж байдаг элгэн халуун сэтгэлтэй хүн. Ядарч зовсон үед хэн нэгэнд халуун дулаан сэтгэлээр хандана гэдэг хэчнээн сайхан байдаг билээ дээ.    

Олдох маань хавар утас цохьж МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн Сүхбаатар аймгийн 12дугаар тойрогт нэр дэвших болсноо мэдэгдлээ. Баяр хүргэж, дэмжихээ мэдэгдсээн. Дэмжиж байгаа нь энэ гэж Дарьгангын уудам талд “царцаа” болж нисч очилтой нь биш, алсаас ч гэсэн “Үл-Олдохыг минь дэмжээрэй” гэж сүхбаатарчууддаа л танилцуулга захидал илгээе дээ. Сэтгүүлч Чанцалын Үл-Олдох 1971 онд төрсөн. Ам бүл хоёр гэж байна. Ууган хүү нь өрх тусгаарласан болохоор хүн амын тооллогоор ийн бичигддэг биз. Тэр 1987 онд Эрдэнэцагаан сумын найман жилийн сургууль, 1989 онд Сүхбаатар аймгийн төвийн I арван жилийн сургууль, 2000-2004 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжил эзэмшин дүүргэжээ. Номын багш нар болох Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Долгорын Цэнджав, Дамбын Цэмбэл нар утга зохиолын ажилтан, сэтгүүлч шавиараа их л бахархдагийг би мэдэх юм. Үл-Олдох 1989-1993 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146дугаар ангийн заставт саальчин, 1994-2000 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146дугаар ангид тогооч, 2002-2005 онд “Жи-Эй-Жи” корпорацид ээлжийн ахлагч, фильм оператороор ажилласан нэгэн.

Тэрээр 2005 оноос “Улаанбаатарын сонин”-д сэтгүүлч, 2005-2006 онд “Өнөөдрийн Монгол” сонинд сэтгүүлч, 2006-2008 онд Монголын анхны эрэн сурвалжлах “Нийгмийн толь” сонинд Улс төр, мэдээллийн албаны дарга, тоймч,  2008 оноос өнөө хүртэл Монголын өдөр тутмын “Зууны мэдээ” сонины Улс төр, эрэн сурвалжлах тоймчдын албанд тоймчоор ажиллаж байгаа хүн. 2005 оноос өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу сэтгүүлчээр ажиллахдаа Монгол Улсын түүх соёл, түүнийг хамгаалан өвлүүлэх сэдвээр “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Түүхийн хөтөч” , Эрдэмтний яриа” зэрэг цуврал буланг санаачлан монгол хүн газар шороо, эх нутаг, байгаль орчноо хамгаалах асуудлыг хөндөж, иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын дуу хоолойг дэмжин хамтран ажиллаж ирсэн байдаг. 2008 онд Сүхбаатар аймгийн түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газрын нэг Дарьгангын Алтан-Овоо орчмын газар нутаг цөлжиж байгаа тухай “Их тахилгыг бэлд нь хийдэг болъё” асуудал дэвшүүлсэн нийтлэл бичсэн нь үр дүнд хүрч тус газрыг хамгаалах ажлыг орон нутгаас эхлэн шат шатанд анхаарч эхлүүлсэн түүхтэй. 2009-2010 онд Сүхбаатар аймгийн түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газрын нэг Талын агуй нурах дөхснийг сэрэмжлүүлсэн сурвалжлага, нийтлэл бичсэнээр олны анхааралд өртүүлж, эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлэхэд дөхөм болжээ. Тэрээр мөн 2011-2012 онд “Бурхан Халдуны түүхийн жимээр” эрдэмтдийн цуврал ярилцлага, 2013 онд “Бурхан Халдунд халдагсдын мөрөөр” эрэн сурвалжлага хийж, түүх соёлын өв бүхий газар нутагт хууль зөрчигдөж байгааг илрүүлсэн юм. Мөн сэтгүүлчийн эрэн сурвалжлагад үндэслэн “Бурхан Халдуныг онцгой бүс болгоё” асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг хөтлөн явуулж энэ асуудлыг нийгмийн төдийгүй УИХ, Засгийн газар, холбогдох байгууллагуудын анхааралд оруулсан байна. Түүний хэлэлцүүлгийг тухайн үед Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Энэ хэлэлцүүлэг нь Бурхан Халдуныг ЮНЕСКО-ийн соёлын өвийн бүртгэлд оруулахад өндөр хувь нэмэр оруулна” хэмээн тэмдэглэж байлаа. Түүний үзэг барьсан тэмцлийн үрээр Засгийн газраас 2013 оны арваннэгдүгээр сарын 04-нд төрийн тахилгат Бурхан Халдун уулыг Монгол түмний бахархалт хайрхан болгох шийдвэр гаргаж, олон нийтэд зарласан билээ.

Үл-Олдох маань 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд зарласан уралдаанд идэвхтэй оролцсон учир Засгийн газраас “Шилдэг сэтгүүлч” өргөмжлөл батламж гардаж байсан нь Монголын түүх, соёлынхоо төлөө хэрхэн тэмцдэгийн илэрхийлэл урамшил болсон сон. Хэрлэн мөрний сав газарт алт хайх, олборлох асуудал хууль зөрчиж байгаа талаар “Хэрлэнг хэсэгчлэх бүү хэл хиртүүлж ч болохгүй” асуудал дэвшүүлсэн эрэн сурвалжлага бичиж олны анхааралд хүргэсний учир 2007 онд МСНЭ-ийн “Ган үзэг”, 2008 онд МСНЭ-ийн “Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд МЗЭ-ийн 80 жилийн ойгоор “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртэж, 2013 онд “Сул асгаж, хөсөр хаясан газрын тос” цуврал эрэн сурвалжлага хийсний тул  МСНЭ-ийн сонины шилдэг сэтгүүлчээр шалгаран 2013 онд Монголын сэтгүүлзүйн дээд шагнал “Балдорж” шагналын шилдэг аравт багтаж байлаа. Тэрчлэн 2017 онд “Бурхан Халдунд халдагсдын мөрөөр”, “Бурхан Халдуныг онцгой бүс болгоё”, “Ноён уулын мөхөл”, “Сүх жанжны нутаг сүйрлийн ирмэгт” асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэл бичиж, нийгмийн анхааралд хүргэсний учир төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгаж, 2020 онд “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт”, “Сүхбаатарт харин ч цөөхөн лиценз олгосон гэв үү” асуудал дэвшүүлсэн цуврал эрэн сурвалжлага хийсний учир Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сонины шилдэг сэтгүүлчээр шалгараад байгаа юм. Ч.Үл-Олдох 2007 онд “Дарьганга аяз” шүлгийн түүвэр, 2008 онд “Чимэггүй хөрөг” сэтгүүлзүйн ярилцлагын номоо тус тус хэвлүүлж олны хүртээл болгоод буй авьяаслаг яруу найрагч, алдартай сэтгүүлч хүн дээ. Чингис хааныг маань аварсан Бурхан Халдун уулаа хамгаалж төрийн хамгаалалтад оруулсан ийм халуун сэтгэлт сэтгүүлч хүн УИХ-ын төр барих бодлогод хүчтэй нөлөөлж чадах нь дамжиггүй юм даа.

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.8.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.