ТОЙМ: Цүнх баригчид ОРДОНД ИРЖ, эдийн засагчид нь ШОРОНД ЯВСАН долоо хоног
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-07-19

Өнгөрч буй долоо хоногт наадмын баярын өдрүүд тохиосон ба нийгэм, улс төрийн салбарт болж өнгөрсөн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.  БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав, ХНХ-ын дэд сайд С.Зүльфикар, БХБ-ын дэд сайд Э.Золбоо, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа нарыг томиллоо.
  • Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 461 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 6 өдөр үргэлжилж, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа. С.Баярцогтод нийт 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оноов. Б.Бямбасайханд , 4 /дөрөв/ жилийн хорих ял оноолоо. Д.Ганболдод 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэв.
  • Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдлаа. Тиймээс иргэдийг тарвага агнахгүй, махыг нь идэхгүй, тээвэрлэхгүй байхыг ЗӨСҮТ-өөс онцгойлон анхаарууллаа.
  • Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү бөхөд шагнал гардууллаа. Энэ жилийн баяр наадмаар  Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга болсон. Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо. Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Пүрэвийн Бүрэнтөгс, үзүүрлэсэн Намсрайжавын Батсуурь, их шөвөгт үлдэж Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайхан, шинээр Улсын заан цол хүртсэн Мягмарын Бадарч нарт бай шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Монголд коронавирусийн халдвартай 287 хүн батлагдсанаас 211 хүнийг эмчиллээ. 76 хүн эмчилгээнд байна. Үүнээс 69 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр, жирэмсэн эх эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д нийт 140 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.69.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.