1969 онд Моломжамц СССР-ийн Элчин сайд С.Щетинин* гэгчид хандан өөрсдөө бүгд Цэдэнбалыг гүнээ хүндэтгэдгээ батлаад, гэвч эхнэр нь жолоо цулбуураа алдан оролцохгүй юмгүй болж байгаа нь нам, төрийн ажилд хор учруулан, Монгол-Зөвлөлтийн харилцаанд муугаар тусч буй тул энэ талаар Цэдэнбалд өөрт нь нөхөрсөг зөвлөлгөө өгөхийг чухалчлан гуйсан байна. Намын туршлагатай ажилтан цаад орос нь үүнд нь зэвүүрхэж, ийм ажилд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн төдийгүй Брежневийн нэгэн адил Цэдэнбалд хайртайгаа шууд мэдэгджээ. Царай нь хувхай цайсан Моломжамцад энэ нь том сургамж болсон ба түүнээс хойш Монголын удирдагчид Москвагаас хань эрэхээ удтал зогсон, тэвчиж өнгөрөхийг илүүтэй үзэх болжээ[i].
1965 онд ЗХУКН-ын удирдагчдын нэг Г.Воронов* Монголд айлчлахдаа орос эхнэрийн талаар Цэдэнбалтай эвтэйхэн ярилцах Брежневийн даалгавартай иржээ. Эргэж ирсэн хойноо энэ тухайгаа ТХ-ны нарийн бичгийн дарга байсан Андроповт мэдээлэхэд цаадах нь уурлан “Тусгаар улсын дотоод хэрэгт орж удирдагчийнх нь эхнэрийг доромжлох эрх чамд хэн олгосон юм бэ? Брежнев үү?”[ii] гэсэн байна. Үнэхээр Брежнев Цэдэнбалд талтай байдгийн хувьд энэ талаар зөвлөж, туслах гэж олон удаа чармайсан баримт бий. 1974 онд Монголд айлчлах үеэр нь Филатова түүнээс улайм цайм Xуримын ордон бэлэглэхийг хүссэн байна. Энэ нь мөн л тархины ямар нэг өвчинд өртөж эхэлж байсан Брежневт ихэд таалагдсан бололтой. Энэ ард түмний төлөө, залуу үеийнхнийх нь төлөө зүтгэж байгаа сайхан сэтгэлт орос бүсгүй харагдсан юм болов уу. Тэрээр Чазовт “Монголчууд Филатоваг хичнээн хайрладгийг харж байгаа биз. Тэрээр Монголын соёл, боловсрол, урлагийг хөгжүүлэхэд маш их юм хийжээ. Иймээс атаархагсдын үгийг сонсох хэрэггүй” гэж байв.
Жинхэнэдээ Филатоваг Монголын төрийн үйлс рүү анхлан түлхэж оруулсан буруутан нь зөвлөлтийн удирдлагууд өөрснөө юм. Тэрээр 1960-аад он хүртэл балчир хоёр хүүхэддээ дарагдаад төрийн ажилд хутгалдах завгүй байжээ. Харин Хрущёвыг СССР-ийн толгойд гарснаас хойш түүнтэй олон удаа уулзсан, ялангуяа амралтаараа гэр бүлийн хамт тааралдах нь элбэг байжээ. Ийм үед Хрущёвын эхнэр Нина Кухарчук*-тай мань Филатова таарч нэлээд хэдэн удаа ярьж хөөрчээ. Кремлийн тэргүүн хатагтай Цэдэнбалд хандан нэг удаа “Цэдэнбал аа, чи эхнэрээ гомдоож болохгүй шүү. Хэлсэн болгоныг нь биелүүлж бай, авгай чинь чиний байнгын зөвлөх юм шүү” гэжээ. Үүүнээс хойш Филатова энэ сануулгыг олон хүнд сайрхан ярьдаг болсон аж. “Одоо та нар миний гарын дорх хүмүүс шүү, сайхан мэдээрэй!” гэж тоглоом шоглоомоор хүртэл хэлэх нь элбэг. “Та нар СССР-ийн бүрэлдэхүүнд ороогүй нь Цэдэнбал бид хоёрын гавъя шүү. Та нар Цэдэнбал бид хоёрт талархах ёстой” гэж хэлдэг байсан нь Хрущёвын нөлөө гэж түүнтэй дотно байсан Майдар үздэг. Цэдэнбалыг Москвад ажлаар очиход эхнэртэй нь Хрущёв танилцаад “Чи энэ манай охины үгийг дуулгавартай сонсож байгаарай” гэж захижээ. Хрущёв Филатоватай танилцсан дороо түүнийг ухаантай хүүхэн байна гэж маш өндөр үнэлсэн гэж Майдар дурсчээ.[iii]
Жоу Эньлай 1960 онд Монголд айдчлаад буцахдаа хувийн бэлэг хэмээн олон ноосон цамц тэр үеийн нам-засгийн удирдагч, сайд дарга нарт өгөөрэй гэж үлдээжээ.. Тэдгээрийг гэр гэрт нь хуваарилах гэтэл Филатова бүгдийг нь хамж аваад Москва руу илгээж, тэнд өөрийн талын хүмүүсээр 100 хятад ноосон цамц заруулжээ. Нам-засгийн удирдагчийн орос гэргий панз үсэргэж дамын наймаа хийлээ гэсэн матаас Москва дахь Монголын Элчин сайдын яамнаас Улаанбаатарт МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын хянан шалгах хороонд иржээ. Хорооны дарга Т.Гэндэн уг матаасыг албажуулаад Төв хорооны Улс төрийн товчоонд мэдүүлжээ. Гэтэл Төв хорооны үзэл суртлын нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир түргэдэх нь тэр. Филатоваг албан тасалгаандаа дуудаж бангадсан байна. “Нам-засгийн удирдагч Цэдэнбалын цалин хангамж нь багадаад чи дамын наймаа хийх дээрээ тулаа юу”, “Мөнгө цаас чинь хүрэхгүй өлсөж цангаа юу”, “Чи Монголын удирдагчийн нэр хүндийг Москвад унагаж байдаг, яасан ичдэггүй юм” гэж ирээд л авч өгч дээ. Тэр уулзалт тун эвгүй өрнөж, Филатова хатагтай ч уйлж унжин буруугаа хүлээж, уучлал гуйж бөөн юм болжээ.
Нөхрийнхөө намын талын нэгдүгээр орлогчийн өрөөнөөс нус нулимстайгаа холилдон гарсан тэрээр маргааш нь Москва руу ниссэн байгаа юм. Элчин сайдын яамныхан угтаж бариад сүйд болоо биз. Москвад очоод ЗХУ-ын Коммунист намын Төв хороонд бараалхахаар цаг хүсэж, Хрущёвын нам талын үзэл суртал эрхэлсэн орлогч, Төв хорооны нарийн бичгийн дарга М.А.Суслов дээр оржээ. Элчин сайдын яамнаас дагалдаж очсон зөвлөхийг оруулсангүй. Ганцаараа орж удаж удаж гарч ирээд нутагтаа буцахад МАХН-ын Төв хороо тэр дор нь хуралдаад Д.Төмөр-Очирыг авч хэлэлцэн шившиглэв ээ. Суслов нь 1961 онд МАХН- ын XIV Их хуралд зочноор ирж, ардын хувьсгалын 40 жилийн ойн хүндэт зочин байсан, тэгэхдээ Цэдэнбалын эхнэртэй сүрхий танилцсан бололтой, иймээс л тэр том дарга айлын авгайг хүсэлтийн дагуу албан өрөөндөө хүлээж аваа биз. Суслов Цэдэнбалын зусланд гэрт нь зочилж дайлуулаад хүндэтгэлийн хурлаас цаг хожимдсон тул хот руу яаран хурдалж яваад хамт автын осолд орж зовлон жаргалаа хуваалцсан нэгэн. Филатовагийн хариу өчил-матаасаар Төмөр- Очирыг буруутгуулахаар Москвагаас шифр ирүүлсэн аж. Төмөр-Очир гэх тэр эрхэм улс төрөөс үүрд явсан эмгэнэлт түүх ингэж өрнөжээ. Харин энэ үеэс Филатова өөрийн хүч мэдлийг бүрэн ойлгов.[iv]
1966 онд Брежнев Монголд айлчлахдаа Филатовад хувийн утасны дугаараа өгч хэрэг гарвал дуртай цагтаа утасдаж байгаарай гэжээ. Тэгээд Монголд суух элчин сайд А.И.Смирновт* хандан “Анастасия Ивановнаг харж хандаж яваарай” гэж захижээ. Элчин зөвлөх Макареев “Она дочка Россий, можеть многое делать” (Орос орны энэ охин ихийг бүтээж болох юм) гэжээ.[v]
Гэвч хоёрхон жилийн дараа гэхэд их хөмсөгтийн монгол дүү, түүний эхнэрийн тухай санаа зовмоор мэдээ улам их ирэх болов. Хрущёв, Брежнев нар өөрснөө Монголд ингэж “шулам” бүтээж өгсөн юм. Брежнев 1976 онд Цэдэнбалд хувиараа “Чи Соёлын яамны сайдаа сүүлийн тавхан жилд дөрвөн удаа сольжээ. Би чамд үнэхээр элгэмсүү ханддагийг чи андахгүй. Тийм учраас одоо миний хэлэх үг чамайг гомдоохгүй байх гэж бодож байна. Надад ирж буй мэдээгээр бол Анастасия Ивановна энэ сайд нарыг ингэж амархан солиод байгаа бололтой юм. Ер нь цаадахыг чинь намын болон төрийн байгууллагын ажилд хэтэрхий орооцолддог, ард түмний зан заншил, уламжлалыг хүндэтгэдэггүй, энэ нь монголчуудын дургүйг хүргэдэг гэж ярилцаад байна шүү. Чингэвэл Монгол-Зөвлөлтийн найрамдалд муугаар нөлөөлнө шүү дээ” гэж ахын ёсоор зөвлөсөн байна. Харин дүү нь шүүмжлэлийг хүлээж авсангүй, үүнийг атаархагсдын дэмий үг гэж зүтгэжээ[vi].
Гэтэл сүүл рүүгээ Филатова Москваг даван цааш сонирхол нь дэвэрлээ. Коммунист аль ч ертөнцөд хүн толгойтой болгоны гадагшаа хандсан харилцаа хувийн ч байсан нарийн хяналтанд байдаг учиртай. Авгай фондоороо дамжуулан Япон, Финланд зэрэг орны ямар нэг сайн дурын сангуудтай холбогджээ. Гэвч тэрээр улам цаашаа юм хүсч байлаа. “Гадаад бодлогын асуудал шийдэхэд, ялангуяа БНМАУ-ын Финланд, Японтой харилцах харилцаан дээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх гэж оролдож байгаа нь их ажиглагдаж байна”[vii] гэж Зөвлөлтийн Элчингээс Москва руу мэдээлж байв.
Намын голлох удирдагчдын нэг Ц.Намсрайг Филатова дуудаж уулзаад:
-Чи гадаадад их явдаг хүн, Англи, Америк, Францын коммунист намын дарга нартай уулзаж гэргий нартай нь танилцаад намайг уриулах ажил зохио, надад тийш явах шаардлага байна гэж тулгажээ.
-Цэдэнбал даргад хэлээч, тэгвэл амархан бүтнэ.
-Тэр дүнхүү толгой намын ажил ярьсаар байгаад мартаж орхидог.
-Хүүхдийн фондын шугамаар хөөцөлдвөл?
-Чадахгүй болоод л чамайг холбоо тогтоож аль гэж байна. Чи одоо гадагшаа зөвлөлгөөнд явна, холбоо тогтоож урилга авчир.
Намсрай урилга авчраагүй учир “Хувиа бодсон олиггүй амьтан” гэж хараажээ.[viii]
Филатова нэг удаа Майдарын эхнэрийн хамт Парис орохоор боллоо. Тэд франц хэлний хэлмэрч дагуулан виз авахаар Москвад очжээ. Мэдээж КГБ тосон авлаа. Тэднийг Парист очиход харгис хүчнийхэн эсэргүүцлийн том жагсаал хийх гээд бэлдэж байна. Энэ нь хувийн аюулгүй байдал болон улс хоорондын харилцаанд тун харш нөлөөлнө гэж хоёр авгайг ятган зогсоожээ[ix].
Цэдэнбал хувьдаа Москва орчимд тохилог амралтын байшин бариулж суухаар УТТ-оор зөвшөөрүүлжээ. Филатова дараа нь улам гаарч байшингийн хоёр жигүүрт нь наалдсан нэмэлт хоёр байшинг хоёр хүүхэддээ зориулан бариулахаар болов. Тавилга төхөөрөмжийнх нь араас авгай өөрөө хөөцөлдөх болж, Румынаас авахуулаад Финланд хүртэл худалдан авалтад явах болжээ. Хэлсинкид Монголын Элчин сайдын яам байгуулахыг шаардах боллоо. ГЯЯ-аас хэрэв Финланд Улаанбаатарт Элчин сайдын яам байгуулбал зөрүүлээд тэнд Элчин сайдын яам нээж болох юм гэсэн шийдвэр гаргав. Улаанбаатарт Элчин сайдын яам байгуулах боломжгүй гэсэн хариуг харин Финланд өгчээ. Цэдэнбалын том хүү фин эхнэртэй болох гэж байгаа гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа ч гарсан.
Зөвлөлтүүд эцэст нь тэсэхээ байгаад холбогдох хүмүүс нь Цэдэнбалтай биечлэн уулзаж, Москвад ийм том харш байгуулахын хор холбогдлыг таниулан ухуулжээ. Тэд тайлбарлахдаа хоёр хүү чинь ямархуу зан ааштай эхнэртэй ч таарах юм билээ, та бид мөнх хүмүүс биш, хожим эхнэрүүд нь байр байшингаа булаацалдаж шившиг хутгавал таны нэр сүрд муугаар нөлөөлнө гэж учирласан байна[x].
Филатова нөхрөө дагаж гадаадад айлчлахаас гадна бие даасан айлчлал ч хийдэг байлаа. Тэрээр Унгарт дангаараа айлчилж явахдаа эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзан монголчуудын ахуй амьдрал, зан заншлын тухай ярихдаа “монголчууд махыг түүхийгээр нь иддэг” гэж сонирхуулсан нь Унгарын сонин хэвлэлд нийтлэгдэж олны хачирхлыг төрүүлж байв[xi].
1973 онд СССР-ийн ГЯЯ-аас хоёр улсын иргэдийн хоёрдмол харьяаллыг зохицуулах конвенц байгуулах санал тавилаа. Ийм конвенцийг СССР бүх коммунист оронтой байгуулсан юмсанж. Конвенцийг хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага соёрхох учиртай тул 1975 онд АИХ баталжээ. Конвенцид зааснаар эхнэр буюу нөхөр нь нөгөө улсын харьяат байвал хүүхдийнх нь харьяаллыг эх эцэг нь зөвшилцөн шийдэх, эсвэл хүүхэд насанд хүрсэн хойноо өөрөө шийдэхээр тусгасан юм.
Цэдэнбалын хоёр хүү хэзээ ч Монголын иргэн байгаагүй. Харин хүүхдүүд нь Москвад ажилгүй байхад нь ЭЗХТЗ-д Монголын нэрээр ажиллуулж хууль бусаар Монголын дипломат паспорт түр бичин хэрэглүүлж байжээ. Сүүлд нь Оросын талд шилжин ажиллахад нь хууль бус паспортыг нь хурааж авсан байж таараа. Хожим Цэдэнбалын нэрээр амьдрагсад үүнийг Монголын харьяатаас хөөн хэлмэгдүүлсэн мэтээр цуурах болсон юм. Ц.Намсрай ярихдаа “Намын шугамаар хойно очоод Москвагаас буцахад Зөвлөлтийн намын төв хорооноос үдэж байтал тэр том дарга нарын хажууд барьж аваад нүүр хийх газаргүй болгосон. Хүү Слава нь манай намд элссэн ухаантай. Монгол хэл ч мэдэхгүй гадаадын харъяат болохоор нь өөр ажилд шилжихээр нь хасаж тооцсон юм. Тэгээд л намайг Славаг намаас хөөлөө гэж агсарч гарсан”.[xii]
Хов зөөгчид Филатовад “Иргэдийн хоёрдмол харьяаллыг арилгах нэрээр танай хоёр хүүхдийг хүчээр Монголын иргэн болгох гэж байна” гэж хэлжээ. Авгай даруй ГЯЯ-ны сайд Л.Ринчингийнн өрөөнд дайран орж хэлэх хэлэхгүй үгээр харааж зүхлээ. Тун удалгүй Ринчинг сайдаас нь хусч орхилоо. Нэгэнт АИХ-аар соёрхогдсон конвенцийг “гүйцэд үзэж танилцаагүй байна” гэдэг нэрээр Цэдэнбал хураан аваад СССР-ийн Дээд Зөвлөлд соёрхон батлуулахыг “түр хойшлуулах” үүрэг өгчээ. Түр хойшлуулалт бараг найман жил үргэлжилсэн юм[xiii].
Ц.Намсрайг* намын шугамаар барууны оронд явахад нь. “Чи намайг тийш уриулах ажил зохио” гээд татгалзсан хариу сонсоод элвээр аашилсан аж[xiv]Гэвч ямар чиг байсан урилга олуулаад хүүгээ дагуулан сүр дуулиантайгаар 1983 оны эцсээр Финландад айлчилжээ[xv]Сүр дуулиан нь мэдээллийн хэрэгслээр мандаж энэ айлчлалын явцыг бараг л төрийн тэргүүний хэмжээнд сурталчилж байв. Мөн Майдарын эхнэртэй Францад айлчлахаар шийдэн банкнаас валют гаргуулсан боловч виз нь бүтээгүй өнгөрсөн нь Франц-Монголын харилцаа ид хүйтэрч байсан үед таарсан бололтой. Цааш жаал удсан бол авгай гадаад харилцааны талаар нэлээд юм “амжуулах” шинжтэй болчихсон байлаа.
Б.Баабар /Гэрийн авгайгаас төрийн авгай нийтлэл/
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин