Холын хүн саатан үлдмээр
Хөвсгөл нутаг үлгэрийн далай
Хос хун өвөлжиж үлдмээр
Хөх сувд байгалийн диваажин....
Ард түмний мэдэх эрхийн төлөө цаг завгүй гүйдэг сэтгүүл зүйн салбарын зарим нөхөд маань Хоймор нутгийн чимэг болсон Хөх сувдын эрэгт мэдлэгтэй, зугаатай аялалыг өрнүүллээ. Тэд Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны 2020 оны зуны ээлжилт сургалт аялалд хамрагдан Хөвсгөл нуурын эрэг дэх “Байгаль-Үүд” жуулчны баазад гурав хоносон нь энэ юм. Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт өөрийн байр сууриа тодоор үлдээж, сэтгүүлчийн ёс зүй, салбарын хууль эрх зүйг сайжруулах, сэтгүүлчдийн мэдлэг, чадварт чиглэсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар ирсэн билээ. Тус холбооноос энэ удаа зуны ээлжит сургалтаа Хоймор сайхан нутаг Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуурын эрэгт гурван өдрийн аялалын хамт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад нийт 40 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хамрагдаж, урьд өмнө нь очиж байгаагүй эх орныхоо үзэсгэлэнт далайн эрэгт аялаж, зугаалж амрахаас гадна “Сэтгүүлийн ёс зүй, аюулгүй байдал” сэдэвт сургалтад хамрагдаж мэдлэг хуримтлууллаа. Ээлжит сургалтын зочин багшаар “Монголын эрэн суравалжлах сурвалжлагчын төлөө төв”-ийн судлаач багш А.Амартүвшин уригдсан юм.
Хөвсгөл аймаг бол дотоодын аялал жуулчлалын гол бүс нутаг төдийгүй дэлхийн цэвэр усны тодорхой хувийг дангаараа бүртдүүлдэг цэнгэг уст, Монгол улсын хамгийн том нууртай аймаг. Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн холбооны 2020 онд хийж хэрэгжүүлэх олон ажил, сургалтын томоохон нь уг аялал байв. Аялаж зугаалах, амрахыг урьтал болгохоос өмнө байгалийн сайханд сэтгэл санаагаа амраах, улмаар эх орныхоо байгалийн гойд сайхныг биеэр мэдрэх, алдагдаж, эвдэгдэж буй олон асуудлыг нүдээр үзэж, үгээрээ илэрхийлэх, гарц шийдэл, санаагаа илэрхийлж, урьдчилан сэргийлэлт, хамгаалалтыг нэмэгдүүлэхэд тус болох нь чухал байдаг. Хүн бүр байгаль хамгаалагч. Тэр дундаа сэтгүүлчид, хэвлэлийнхэн маш хүчтэй хамгаалалт байх ёстой. Учир нь Хөвсгөл нуур луу зуны дэлгэр цагт хүн бүхэн зорьдог. Гэвч хог хаяж байгалиа бохирдуулах, хад чулуунд элдэв зүйл сийлж, бичиж үлдээх, шинээр зам гаргаж хөрс бохирдуулах, нуурын усанд хиртэй хувцсаа угаах, сэлэх, улмаар амь насаа алдах гэх зэрэг зүйл их болдог. Энэ бүхнээс хамгаалахад хүн бүрийн хүчин зүтгэл, үүрэг оролцоо, байгалиа хамгаалах сэтгэл чухал байгааг мэдрүүлэхийн тулд хэвлэлийнхэнийг байгальд аялуулж, сургалт явуулдаг гэдгийг Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны удирдлагууд нээлтийн үгэндээ онцолж байв. Монголчуудын хувьд Хөвсгөл далайд очих нь ойрын мөрөөдөл болоод буй. Түгжрэх нь түгжирч, оочерлох нь оочерлож байгаад яаж ийгээд Хөвсгөлд очихын түүс болдог. Олны хүсэл болсон энэ нутгийг зорих боломж хүн бүхэнд тийм ч амархан олдоод байхгүй. Нийслэлийн Сэтгүүлчдийн нэгдсэн Холбоо, “Мазаалай Намодиктур” ХХК-тай хамтарсан энэ аялал нь зарим сэтгүүлчдийн ойрын мөрөөдлийг биелүүлсэн ч байж болох юм.
Нэгнийхээ зүсийг харж хааяа нэг хэвлэлийн хуралд очидоо таардаг байсан хэвлэлийнхэн минь энэ удаа өмнөхөөсөө ч илүү дотно танилцах боломж тохиосон юм. Тэд хоорондоо улам лав танилцаж, инээж хөхрөлдөн, дурсамж дүүрэн гурван өдрийг өнгөрүүллээ.
Улаанбаатар- Лүн, Дашинчилэн, Булган, Хөвсгөл, Хатгал, Жанхайн даваа, Хөвсгөл нуур, Байгаль-Үүд бааз гэсэн маршрутаар аялаж, Монголд тэр дундаа Хөвсгөл аймагт л байдаг Цаатан иргэдийн амьдрал, аж байдалтай танилцаж, хувцас, элдлэлийг сонирхож дурсгалын зураг татуулсан юм. Хотын түгжрээ, стресс, бухимдал, ядаргаа, өнгийг гэрэл, машины чимээнд ихэнх цагаа өнгөрүүлдэг хотын бидэнд Цаатангуудтай уулзах, ярилцах, зургаа татуулах, тэдний аж амьдралыг сонирхох минь ховор тохиосон боломж байв. Сүүтэй цай дэвэр ч байгаа юм шиг сэтгэлтэй, сүүлдээ хүү минь охин минь болж доноссон тэдний ахуй төрхөөс
Уулсаа бүрхсэн цаанууд
Ураг барилдмаар цаатангуут
Хөвсгөлөө чимсэн цаанууд...
Хүргэн, бэр болчихмоор цаатангууд...
Нуураа бараадсан айлууд
Нулимсаа ч унагамаар цөөхнүүд...
Дуугаа дуулмаар нутаг...
Дурсамж аргамжсан нутаг... гэсэн шүлгийн мөр санаанд буусаар хотод ирэв.
Түүхийн хичээл дээр бага ангид л урц, овоохой, шовоохойн тухай үзэж байсан сан. Гэрт бол амьдарч байсан. Харин сүүлд паартай байшин, паалантай жорлонд дассан хотын бидэнд Цаатангуудын амьдардаг урц хэсэгтээ л сонин байв. Харахад жижиг боловч дороо нэлээд хогшил хураалттай ч таван хүн хангалттай багтахаар юм. Цааныхаа арьсаар бүрж, мод зөрүүлж байгуулсан урц юм. Дотор нь гал түлж, цай хоол хийж, идээ цагаа бэлтгэж, амарч тухлах, ор, олбог дэвсгэр бүгд бэлэн... Цаа нь ч номхон юм. Илж таалах, мордох, унах гээд ахуйн хэрэглээн бүрэн сургажээ. Уулархаг, сэрүүн газар учраас хувцас нь арьс, үс сайтай, дулаан, зузаан ч гэж янзын юм. Бас нимгэн, хөнгөн нь ч байх. Яг л нэг тийм аж байдал, хэв маягтаа тохирсон хувцас, соёл, гэр орон. Ийм орчинд хэд хоновол яг л цаатан болох шинжтэй. Хугацаатай аялал, тооцоотой сургалттай, товлосон цагтай учир тэнд зураг хөрөг татуулж, гоёж гоодож, хувцсаар гангарч жаал амсхийгээд цааш хөдлөв.
Цагаан эрэг гэх газарт ирэв. Түүнээс цааш газар үгүй гэгчээр нэг тал нь зүлэг, ширэг, байшин барилга, машин тэргээр дүүрэг боловч нуурын зүг харахад хуурай газар, зах хязгаар нь үл харагдана. Мэлтийсэн их ус. Яг л ижий минь аяга дүүрэн сүүж хийх өгөх шиг тийм дүүрэн, дулаан мэдрэмж сэтгэл дүүрнэ. Нуурын хөвөөн бидний зарим нөхөд алхаж, үе үеэрээ, танил танилаараа, гурвуул дөрвүүлээ алхцгаана. Бодох ч юмгүй, тархи амрах шиг тийм л амгалан. Нуурын усны долгио сонсоод, хоёр хөлөө усанд дүрж амраах ч бас тансагхан мэдрэмж юм. “Байгаль-Үүд” баазад буудалласан бид цагийн хуваарийн дагуу оройн цайгаа уучихаад амрах нь амарч, амрахгүй нь ганц нэг юм задлаж, элдвийг хүүрнэж, аян замд хамт ирсэн нөхөдтэйгөө танилцана. ...
Маргааш өглөө эртлэн босож өглөөний цайгаа ууж, дасгалаа хийчихээд хувиар ёсоор сургалтдаа хамрагдав. Түүний дараа Далай ээжид золгов. 10 хүний багтаамжтай жижигхэн завиар тэр их, хөх усыг туулав. Мэдээж аюулгүйн горимыг сахиж бүгд хамгаалалт, усны хувцасаа өмссөн байх нь тэр. Зургийг нь харж, боломжтой бол очино доо хэмээн боддог байсан алдарт ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭГЧ “хүслийн хад”-нд очиж холын хүсэл, ойрын төлөвлөгөө, ажил үйлс амжилт бүтээлээ даатгалаа. Эргээд мөнөөх завиараа далайн уснаа аялав. Биднийг Хөвсгөл далайн эрэгт очиход тус аймгийн аялал жуулчлалыг холбооны тэргүүлэгч Я.Отгонбаяр гэгч эмэгтэй угтан авч өөрийн байгуулсан “Байгаль-Үүд” бааздаа саатхыг зөвлөсөн юм. 50 гаруй насны, дуу шуу сайтай, наргианч тэр эгч бидний сургалтад хамт сууж, гитар хөгжмийн аялгуунд дуу дуулж баяр хөөр нэмсэн юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин