ЗГХЭГ-ын дарга, Д.Амарбаясгалан хариултдаа, Бид олон улсын түвшин, зах зээлийн нөхцөл байдал, ард иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлж асуудалд хандах нь зүйтэй. Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас дунджаар тонн улаан буудайг 700 мянга орчим төгрөгөөр авдаг. Буудай нь 1кг гурил үйлдвэрлэхэд 90 хувийнх нь өртгийг бий болгодог зүйл. Гэтэл 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөн байна. Энэ нь төрөөс үзүүлж байгаа шат шатны дэмжлэг, туслалцаа хэтэрснийг харуулж буй хэрэг. Бүх шатанд нь хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг үзүүлсэн. Эцсийн дүнд нь иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа тул энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй гэдгийг онцлов.
“2023 оны арван нэгдүгээр сараас эхлээд нийт газар нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүл тогтсон тул малчид малаа суурин байлгаж, тэжээх шаардлагатай болсон. Үүнийг дагаад тэжээлийн хомстол үүссэн. Өнөөдөр нэг киллограмм хивэг, малын тэжээлийн үйлдвэрлэлийн өртөг 200 орчим төгрөг байдаг боловч малчдын гар дээр 1000-1100 төгрөгөөр очиж байна. Үүнийг орлого багатай малчид даван туулахад хүндрэлтэй болж байна гэж Засгийн газар үзсэн. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хоёр ч удаа малчдад үнэ төлбөргүйгээр малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан. Үүнээс өмнө улсын нөөцөөс өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын сүүлээс эхлээд 50 хувийн үнийн хямдралтайгаар өвс, тэжээлийн хангалтыг хийсэн зэрэг нь өвс, тэжээлийн үнэ өсөхөөс сэргийлсэн арга хэмжээ байлаа. Гэсэн хэдий ч малчид өвс тэжээлийн үнэ, өргөн хэрэглээний чухал хүнс болох гурилын үнийг дийлэхгүй нөхцөл байдал руу орсон тул Засгийн газар энэ төрлийн импортын барааны татварыг тэглэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” хэмээх нэмэлт тайлбарыг өгсөн.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, гурил, улаан буудай нь стратегийн гол хүнс гэдгийг тодотгоод салбарын яамнаас гурилын татварын асуудалд долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа заасан санал өгсөн. Одоогоор 20 мянган тонн гурилыг баруун аймгуудаар оруулаад эхэлсэн тул дахиад 25 мянган тонныг бусад боомтуудаар оруулах санал өгөөд байгааг хариултдаа тодотгож байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэн, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд гаалийн албан татвараас чөлөөлөх хугацааг долдугаар сарын 01-ний өдөр хүртэл, хэмжээг 25 мянган тонн гэж тодорхой зохицуулалт хийнэ гэвэл мэргэжлийн Байнгын хорооны даргын хувьд дэмжинэ гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, тариалалтыг дэмжих, гурилын үнэ гэсэн хоёр өөр асуудлыг нэг бодлогоор шийдэх боломжгүйг тодотгоод гурилын эрэлт нийлүүлэлт зах зээлийн цэвэр өрсөлдөөний зарчмаар шийдэгдэж, хэрэглэгчдэд бодит үнээр хүрэх шаардлагатай тул төслийг дэмжиж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.
Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо