
Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, Ногоон эдийн засагт шилжихийн тулд улс орнууд Бизнесийн байгууллагуудынхаа оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа билээ. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд аливаа байгууллагын урт хугацаанд амжилттай үйл ажиллагаа эрхлэх, тогтвортой байдлыг байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) (ESG Environment Social Governance, ) хүрээнд оруулж буй эерэг үр нөлөөгөөр нь үнэлдэг жишиг тогтоод байна.
Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд олон нийтийн байгууллагуудын оролцоог хангах үүднээс Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газар дах “Хамтын ойн төгөл”-д БНСУ-ын БОНЗ-г дэмжигч байгууллагуудтай хамтран Мод тарих үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ удаа БНСУ-ын Аж үйлдвэрийн банкны 70 төлөөлөгч Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан 7 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Мод тарих үйл ажиллагаанд өөрсдийн биеэр оролцож, нийтдээ 700 мод тарилаа.





