Саппорогийн тойргоос 25-р эмийн сан хүртэл дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна
Үйл явдал
/
2024-07-18

Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг долоодугаар сарын 16-ны өдрөөс шинэчилж эхэлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүрэг, “Техник Импорт” ХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгон 3.4 км өргөтгөн шинэчлэх дулааны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллаа.

Тэрбээр “Дулааны магистраль шугамын шинэчлэлтийн ажлыг зам засвар арчлалтын ажлуудтай уялдуулж хийж байна. Ингэхдээ инженерийн цогц шийдлийг хийхээр зураг төслөө батлан, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иуд, засвар шинэчлэлтийг гүйцэтгэж буй компанитай хамтран 24 цагаар графикийн дагуу ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд тодорхой байршлууд дахь шугамыг хонгилын системд оруулж байна. Хонгилын систем нэвтрүүлж, өргөтгөн шинэчилснээр цаашид зам ухаж хөндөхгүйгээр засвар, үйлчилгээ болон шугам солих ажлыг хийх боломжтой болж буй юм” хэмээв.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний албаны дарга Ж.Батмөнх: “Техник Импорт” ХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл үргэлжилж буй 11гд магистраль шугам нь 1983 онд ашиглалтад орсон. Уг шугамын өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд долоодугаар сарын 16-ны өдрөөс дулааныг хязгаарласан бөгөөд халаалтын улирал эхлэх үе буюу есдүгээр сарын 15-нд дулаан өгөхөөр төлөвлөж байна. Эхлэлээсээ төгсгөл хүртэл бүрэн шинэчлэгдсэн шугамуудад ирэх жилүүдэд засвар шинэчлэлт хийхдээ дулаан хязгаарлахгүй, байнгын ажиллагаатай байлгахаар арга хэмжээ авч ажиллаж буй гэлээ.

Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг. Мөн Улаанбаатар хотын орон сууц, аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийгдэх шаардлага үүссэн юм. Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.