Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэлийн нээлт боллоо
Үйл явдал
/
2020-01-02

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1029 дүгээр захирамжаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан 2019 оны аравдугаар сарын 21-нд “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгуулж, гадаадын зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид зэрэг 16 хотын 600 гаруй зочид төлөөлөгчид оролцсон. Мөн аравдугаар сарын 28-ны өдөр Монголчуудын хот суурин, нийслэл хотын түүх болон бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачдын хувь нэмрийг оруулах зорилгоор “Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран зохион байгуулсан.

Тус эрдэм шинжилгээний хурал нь нийслэл хотын бүтээн байгуулалтын түүхэн үйл явц болон хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилготой бөгөөд тус хуралд Академич хоёр, Доктор, профессор 22, судлаач дөрөв зэрэг 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тавьж оролцсон.

Өнөөдөр тус эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг уншигч та бүхэнд эмхэтгэл болгон хүргэж байна. Эмхэтгэлд хурлыг нээж үг хэлсэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагвын үг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт, хөгжлийн чиг хандлага”, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Академич С.Чулууны “Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон: Сарьдагийн хийдийн тухай судалгаа” зэрэг үндсэн илтгэлүүд, “Улаанбаатар олон улсын өдөрлөг”-ийн таван илтгэл, “Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт: түүх, соёл” салбар хуралдааны 13 илтгэл, “Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл” салбар хуралдааны 11 илтгэл, нийт 32 илтгэлийг эмхэтгэн хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгож байна.

Нийслэл Улаанбаатар хотын удирдлагын зүгээс эрдэмтэн, судлаачдын идэвхи зүтгэл, оролцоо нийслэлийн түүхийн судалгаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.

 

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.79.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.