Д.Батлут: Ирэх онд үерийн нэгдсэн далан, хог боловсруулах үйлдвэр байгуулна
Үйл явдал
/
2020-01-02

ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭД ТА БҮХЭНДЭЭ АЙЛЧЛАН ИРЖ БУЙ ШИНЭ ОН, ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.

Улиран одож буй 2019 онд Эрдэнэт хотын иргэд та бид хамтдаа улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хоёр их наяд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийн төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 2000 гаруй ажлын байр болгож Монгол Улсад анх удаа ЭКО БУДАГ үйлдвэрлэн, Өрсөлдөх чадвар, хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ улсдаа дахин тэргүүлсэн бахдам амжилт үзүүллээ.

2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дагуу манай аймаг улсын зэрэглэлтэй хот болох шийдвэр гарсанд Эрдэнэтчүүд бид баяртай байна.

ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭД ЭЭ

Та бид XX дугаар зууны бахархал болсон Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа олон зүйлийг бүтээж, санаачилж, шийдвэрлэж ажиллалаа. Эх орны ирээдүйн эздэд тэгш, хүртээмжтэй боловсролыг олгохын тулд өнгөрсөн онд 5 цэцэрлэг, 2 сургууль, 2 соёлын төв, 1200 хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилгыг эхлүүллээ.

Эрүүл монгол хүн та Үндэсний баялаг бол Эрүүл Эрдэнэт хүн та –Эрдэнэтийн бахархал юмаа. Тиймээс бид эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч Яаралтай тусламжийн үйлчилгээг 3 цэгт байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог гол бодлогоо болгон ажиллаллаа. Үүний үр дүнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн тоо 8.1 хувиар нэмэгдсэн байна.

Хотынхоо өнгө үзэмж, гэрэл гэгээг нэмж Эрдэнэт бол Гэрэлт хот хэмээн нэрлэгдэх болсонд баяртай байна. Гэрэл бол Хөгжлийн илэрхийлэл юм. Тиймээс улиран одож буй 2019 онд бид Эрдэнэт хотынхоо гэрэлтүүлэгт орон нутгийн төсвийн багагүй хувийг зарцуулсаны дүнд хотын гэрэлтүүлэг маань нэмэгдлээ. Бидний ирээдүй Гэрэлтэй байна.

Эрдэнэтчүүд бид импорт орлох дахин нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсдаа манлайллаа. Сард 90 тонн эко будаг үйлдвэрлэх Будагны үйлдвэр ашиглалтад орж 12 нэр төрлийн 30 гаруй өнгийн будгийг зах зээлд нийлүүлж эхэллээ. Энэ бол Эрдэнэт хотоо шинжлэх ухааны тооцоо судалгаа, инновацид суурилж хөгжүүлж буй бодлогын маань үр дүн юм.

ОБГ, Цагдаа, Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нэгтгэсэн “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв”-ийг байгуулж яаралтай тусламжийг түргэн, шуурхай хүргэх зохион байгуулалтын ажлыг эхлүүллээ. Цаашид үерийн нэгдсэн далан, хог боловсруулах үйлдвэрийг бид байгуулна. Хийж, хэрэгжүүлэх болон шийдэж төлөвлөсөн олон ажил биднийг хүлээж байна.

Иймд ирээдүйн том зорилтын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЦГЭЭЕ ЭЭ.

Айлчлан ирж буй 2020 онд та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх, аз жаргалаар бялхаж байх болтугай. Шинэ он, шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Эрдэнэт хот маань цэцэглэн хөгжих болтугай.

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ

ДАМБЫН БАТЛУТ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.134.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.