Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа
Үйл явдал
/
2020-01-04

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалтыг явууллаа. Ажлын хэсгээс гаргасан саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, М.Билэгт нар үг хэлж, санал хэлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ, Энэ хууль 2015 онд батлагдсан. Эрүү, Зөрчлийн хуульд олон удаа өөрчлөлт орж байгаа. Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуулиар хүнийг шууд торгодог байдлаас татгалзаж, эхлээд албан шаардлага хүргүүлж, биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгодог бусад механизм руу шилжье гэсэн бодлого барьж байна. Бид өдөр бүр шинэ хууль баталдаг. Тэрхүү хуулиудын хариуцлагатай холбоотой хэсэг нь Зөрчлийн тухай хуульд ордгийг гишүүдэд сануулахын зэрэгцээ ирэх хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирэх гэж байгааг тодотгож байлаа.

 

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 5.19 дүгээр зүйлийг мөн зүйлийн 14 дэх заалтын 6.26 дугаар зүйл болгон

“1.Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжлээ.

Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Цогзолмаа, “Хүний ёс зүйн гаргаж болохгүй хэм хэмжээг торгуулийн хэлбэрээр шийдэх нь хэр зөв бэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай болон бусад эрүүгийн хуультай ялын санкцыг хэр зэрэг жишиж авч үзэж байгаа вэ гэдэг асуудал дээр онцгойлон анхаарах шаардлагатай” гэсэн бол Н.Оюундарь гишүүн "Төсөлд бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гаргасан хүнийг 100 мянган төгрөгөөр торгох заалт байсныг сая төгрөг болгосон байна. Гэхдээ бэлгийн дарамтад өртсөн хүний сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй үлдлээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.60.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.