Мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчлийн торгуулийг эргэж харах хэрэгтэйг гишүүд сануулав
Үйл явдал
/
2020-01-04

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Төслийн 1 дүгээр зүйлийн 29 дэх заалтын 13.9 дүгээр зүйл буюу Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчихтөй холбоотой харилцааг зохицуулсан хэсгийн талаар үг хэлсэн гишүүдийн олонх эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрсөн бол зөрчлийг арилгуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэснийг эргэн харах шаардлагатай гэж байлаа. Сум орон нутагт халуун, хүйтэн устай орчин нөхцөл нь бүрдсэн мал боловсруулах үйлдвэр байхгүй. Орчин нөхцөл, дэд бүтэц нь бүрдээгүй байхад үйл ажиллагаа эрхэлж байгаа хэдэн хүмүүсээ торгох гээд байгааг эргэн харж, анхаарах шаардлагатай гэж байлаа.

Харин дээрх санал хэлсэн гишүүдэд хандаж Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг өнгөрсөн хавар баталсан. Нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд мал төхөөрч, иргэдийн хүнсний хэрэгцээнд оруулах ёстой. Түүнчлэн малчин зөвшөөрөлгүй вакцин, эм тариа малдаа хийж болохгүй гэдгийг заасан. Та бүхэн үүнийг бүгд дэмжиж баталсан. Гэтэл үүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлагын асуудлыг Зөрчлийн хуулиар зохицуулах учиртай гэдгийг гишүүдэд тайлбарлаж байлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.140.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.