“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэхийг дэмжин баталлаа
Үйл явдал
/
2020-01-04

ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ОЛОН ТАЛТ КОНВЕНЦ

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд өргөн мэдүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг баталлаа.

Татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоолоор өгөгдсөн чиглэлийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох бэлтгэл ажил хангагдаад байгаа.

Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг, амлалтын дагуу манай улс холбогдох байгууллагын гишүүнээр элсэж, эдгээр байгууллагын стандарт, шаардлагыг Засгийн газраас боловсруулсан татварын хуулийн шинэчлэлд тусган, өргөн мэдүүлснийг УИХ гуравдугаар сарын 22-нд баталсан юм. Ингэснээр Монгол Улсын дотоодын татварын эрх зүйн орчин Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон Европын холбооноос тавьж буй шаардлагад бүрэн нийцэх юм байна.
Тус конвенц зургаан бүлэг, 32 заалттай бөгөөд татварын асуудлаар мэдээлэл солилцох, татварын өр барагдуулахад туслалцаа үзүүлэх болон татварын баримт бичиг хүргүүлэх зэрэг үндсэн гурван захиргааны туслалцааг агуулсан гэлээ. Конвенцид нэгдсэн орсноор манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс оронтой мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.138.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.