Гэмтэлийн эмнэлэгийн хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийжээ
Үйл явдал
/
2020-01-05

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон, Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийж дуусчээ. Ингэснээр дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаардагдсан бие даасан тусгай Боксын зохион байгуулалттай боллоо.

Эрчим эмчилгээний тасаг нь өнгөрөгч онд 31 эмч, ажилчидтайгаар нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хүн амд осол гэмтлийн үеийн эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг хүргэжээ. Тодруулбал, нийт 394 үйлчлүүлэгч үйлчлүүлсэн нь ГССҮТ-ийн нийт үйлчлүүлэгчдийн 2,3 хувь нь байна.

Тус тасаг нь нь Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт -Амилахуйн өрөө-Эрчимт эмчилгээний тасаг гэсэн зохион байгуулалттай ажилладаг. Шинээр тохижилт үйлчилгээ хийсэн Эрчимт эмчилгээний тасаг нь эмнэлгийн дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан зохион байгуулалттай болж байгаа юм.

Ийнхүү тус тасаг нь боксын зохион байгуулалттай болсноор нэг үйлчлүүлэгчдэд иж бүрэн тоноглогдсон тусгай нэг өрөө, эмчилгээ болон тусламж үйлчилгээ үзүүлэх нэг эмч, нэг сувилахуйн мэргэжилтний баг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн багийн ажиллах тусгай зориулалт бүхий эмчилгээний өрөө нь ариутгал, халдваргүйжүүлэх болон агааржуулалтын системтэй, иж бүрэн эрчимт эмчилгээний аппарат тоног төхөөрөмж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслэлээр бүрэн хангагдсан байна.

Үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг ар гэрт нь дүрс, дуутай дамжуулна

Мөн хэвтэн эмчлүүлэгчийн тав тухыг хангах үүднээс тусгай өрөө бүрт дотоод сүлжээ, интернет, хяналтын камертай, SMART LED дэлгэцтэй USB, HDMI, AV WiFi-тай олон үйлдлийг зэрэг хийж гүйцэтгэх чадвартай ухаалаг дэлгэц холбожээ. Түүнээс гадна дотоод сүлжээний тусламжтай интернет орчинд эмч үйлчлүүлэгчийн биеийн байдлыг харж үнэлэх, хяналт тавих, түүнчлэн үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг үйлчлүүлэгчийн ар гэрт дүрс, дуутай дамжуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн эмнэлгийн дотоод сүлжээнээс авсан үйлчлүүлэгчийн мэдээ мэдээлэл, өвчний түүх, эмчилгээний карт, бүх төрлийн оношлогооны хариуг дэлгэцээр шууд дамжуулан үзэж эмч нарын зөвлөгөө хийх бүх нөхцөлийг нэг цэгт төвлөрүүлсэн байна.

 

Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасаг нь өнгөрөгч онд 21 ажилтантай, 12 хэвтэн эмчлүүлэх өрөө, 35 ортойгоор хотын таван дүүрэг, хөдөө орон нутгийн 10 аймгийн харъяалал бүхий 1499 хүүхдэд Осол гэмтэл, согогийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Мөн 2019 онд нийт 980 хүүхдэд тулгуур хөдөлгөөний гэмтэл, согогийн мэс заслыг амжилттай хийсэн байна. Ийнхүү тус тасаг нь олон улсад хийгдэж буй судалгаанд суурилагдсан дараах “Хүүхдийн чөмөгт ясны эмгэг хугарлыг сунадаг хадаасаар бэхлэх”, Шилбэний төрөлхийн хуурамч үеийг шаант чөмөгний хуурамч үений хэсгийг авч чөмөгний голоор уян хадаасаар бэхлэх, ялтас шургаар бэхлэх, хуурамч үений хэсэгт өөрийн ясны хальс, ясыг суулгах мэс заслын аргуудыг тус тус нэвтрүүлсэн гээд ололт амжилттай өнгөрөгч оныг үджээ.

 

Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.