Ч.ЧойБатзэвэг: 21 дүгээр зуун бол залуучуудын шинэ эрин зуун гэж боддог
З.Батхуяг
/
2020-01-16

Жүжгийн зохиолч, найруулагч, ""Харах -Өнцөг бүлгэмийн тэргүүн Ч.ЧойБатзэвэгтэй цөөн хором ярилцлаа

  • Та одоо хаана ажиллаж амьдарч байна вэ?

Увсийн цэнхэр хязгаарт ажиллаж, амьдрахын чацуу Увс нуурын торгон долгио, усан цэнхэр мандалын хажууд уран бүтээлээ туурвиж, бусдын адил энгийн амьдарч байна. Үе үехэн ижий санаж, нутаг усаа санагалзаж суух юм.

  • Харах Өнцөг нэртэй дугуйлан бүлгэм ажиллуулж байгаа. Яагаад энэ нэрийг сонгов. Танай дугуйлангийнхан бусад дугуйлангаас юугаар ялгарах вэ?

Анх бүлгэм нэртэйгээр 5 – 8 гишүүнтэйгээр байгуулагдсан юм. Харин одоо бол өргөжин тэлэгдээд Харах Өнцөг уран бүтээлийн нэгдэл болж нийт 25 нь гишүүнтэй боллоо. Бид бусдаас ангид байхыг хүсээгүй. Гэхдээ ямарваа нэгэн зүйлийг олон талаас нь харж уран бүтээлээ хийхийг зорьж яваа. Зорьж яваа зүйлдээ бид тууштай, хамтран ажиллаж байна. Харах Өнцөг уран бүтээл нэгдэл болсноороо манайхан таван төрлөөр өөрсдийгөө хөгжүүлж байна. Дуу бүжгийн, яруу найраг, кино жүжгийн зохиол,  жүжигчин найруулагч, уран илтгэгч, шүүмж судлал гэсэн таван төрлийн дугуйлан хичээлүүлж чанартайхан уран бүтээл гаргахаар өмнөө тавьсан зорилгынхоо төлөө өөрс өөрсдийгөө дайчлан ажиллаж Харах Өнцөг уран бүтээлийн нэгдлийнхэн бид удахгүй монголын урлаг, утга зохиол, яруу найрагт шинэчлэлийн салхийг эхлүүлэх болон гэдэгт удирдаж байгаа хүний хувьд ам бардам хэлэх байна. 21 дүгээр зуун бол залуучуудын шинэ эрин үеийн шинэчлэлийн зуун байх ёстой.

  • Саяхан Болор цом -37 яруу найргийн наадам боллоо. Энэ наадмын талаар ямар бодолтой явдаг вэ?

Яруу найраг, уран зохиол бол эх хэлний дархлаа юм. Өнгөрсөн жилийн Болор цом наадам өнөө жилийн Болор цом наадам сайхан болж өнгөрлөө. Болор цом наадам бол эх хэлний том дархлаатай улс үндэстэн шүү гэдгийг дэлхийд дуурсган үлдэх гэж уралдаанаар дамжуулан улс орон болгоны иргэн бүрт хүрч байгаа том дархлаа юм. Жил жилийн Болор цом наадам үгийн ухаанаар бусдыг эх хэлтэй нь хамт мөнх оршоох болно.

  • Утга, уран зохиолын өнөөгийн хөгжлийг хэрхэн хардаг вэ?

Одоо л бид зөв хөгжлийнхөө зам руу алхам алхмаар ойртож байх шиг. Яагаад гэвэл залуу ах эгч нар миний үеийн залуучууд, дүү нар маань утга, уран зохиол хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод утга, уран зохиолын ертөнц рүү хүчтэйгээр орж ирлээ. Бусдад гоё харагдах биш бусдаас өөрөөр сэтгэж, бичдэг болсонд л өнөөгийн утга, уран зохиол шинэ хөгжлийнхөө замд орж байна. Бид тархи оюунаараа сэтгэж, өөрт буй авьяасыг хүний сэтгэлд хүргэж чадвал хүн төрөлхтөн утга, уран зохиолын хөгжилд хүчтэй нөлөөлнө.

  • СУИС-ийг жүжгийн зохиолчоор төгсснөөс хойш та хичнээн жүжиг бичив.

2016 онд төгссөн юм. Түүнээс хойш яг чанартай болсон жүжиг гэхийн бол 3 жүжиг байна. Завсарлах жүжгүүдэд гэхийн бол 2 – 3 жүжиг байна. Ер нь бол жүжгийн зохиол бичнэ гэдэг тийм ч амархан бүтээдэг ажил биш шүү дээ. Би л лав жүжгийн зохиолч байхаасаа илүү зөв хүн байхыг өөртөө эрхэмлэдэг. Жүжгийн зохиолыг сайн олон дахин унших хэрэгтэй байдаг. 10 гаруй жүжгийн зохиол биччихээд том жүжгийн зохиолч боллоо гэж боддог хүн өөрийгөө төмөртэй адилхан зэврүүлж байгаа хэрэг шүү дээ.

  • Яагаад жүжгийн зохиолч гэсэн мэргэжилтэй болов оо?

Зохиолч болоход надад хүчтэй нөлөөлсөн зүйл бол уран зохиол, яруу найраг юм. Уран зохиолын багш Ю.Алтанцэцэг, С.Эрдэнэчимэг гэсэн хоёр багш маань надад бас илүү нөлөөлсөн байх. Дээрээс нь өвөөгийн ярьж өгч байсан. Үлгэр, домог их хүчтэй нөлөөлсөн дөө. 2012 оны намар би СУИС-ийн ардын богино дууны ангид орохоор МУГЖ ардын богино дууны багш Л.Чулуунчимэг багш дээр ур чадвараа бэлтгэж байхад нэг өглөө сургууль дээрээ яваад очсон чинь Чука багш чи ер нь шүлэг энэ тэр бичдэг юм чинь манай сургуулийн кино, жүжгийн зохиолчийн ангид ор гэв. Тэгээд эргэлзээд зогсож байтал өндөртэй нуруутай эрэгтэй багш намайг дуудаад дагуулаад ТУС-ийн захирал Долгорсүрэн захирал дээр авч орсноо би энэ хүүхдийг зохиолчийнхоо ангид авмаар байна гэж хэлээд надаар эссээ бичүүлээд цагийн дараа за чи манайд ангид тэнцлээ. Би ангийн багш Д.Чинзориг гэдэг юм. Миний хүү одоо шууд хичээлээ сонгоод хичээлдээ сууж эхэлдээ гээд тэгээд л би өөрийн эрхгүй жүжгийн зохиолч мэргэжилээр төгсөөд одоо хүртэл мэргэжилээрээ ажиллаад явж байна даа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.106.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.