“ХАБЭА ба ажилтны оролцоо-2020” бага хурал болно
Үйл явдал
/
2020-01-08

Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс энэ сарын 15-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба ажилтны оролцоо -2020” бага хурал зохион байгуулна.

Тус үйлдвэрийн уурхайчид жил бүрийн эхний сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнгөрсөн оны ажлаа дүгнэж, шинэ зорилтоо тодорхойлдог. Энэ уламжлал ёсоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ба ажилтны оролцоо-2020” бага хурлыг зохион байгуулахаар бэлдэж байна. Хуралд уурхайчдын төлөөлөл 450 ажилчин оролцож, хуучин оны ажлаа дүгнэж, санал бодлоо илэрхийлнэ.

Тус бага хурлын үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, хэлтэс, тэргүүний цехүүдийн танилцуулга гарч, оёдлын цех болон халуун хоолоор үйлчилдэг гэрээт компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна. Мөн “Ослыг тэглэе” уриан дор Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулж, амжилттай хэрэгжүүлсэн бүтцийн нэгжид шагнал гардуулах юм. Түүнчлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт”, “Ажилчдын эрүүл мэнд”, “Бүтээлч бүлгүүдийн ажлын үр дүн” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хуралд оролцогчдын санал хүсэлтийг нэгтгэн шийдвэр гаргана.

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 2019 онд олон бүтээлч ажил хийгдэж, өөрийгөө болон хамтран ажиллагчдаа аюул ослоос урьдчилан сэргийлэхэд уурхайчин бүр өндөр идэвх санаачилгатай оролцсон байна. Үүний үр дүнд тус үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон сайн туршлага, соёл бусад уул уурхайн компанид сайн жишээ болж байна гэж ХАБЭА-н хэлтсийн ХАБ-ын албаны дарга Х.Эрдэнэбат онцоллоо.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.221.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.