Улаанбаатар төмөр замынхан Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2020-01-17

“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтнуудын төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалж байна. Тус нийгэмлэгийн Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалан тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүн энэ удаа бүтээмж инновацийн үйл ажиллагаа, хөгжил болон сайн саналын системийн үр дүнгийн талаар хичээл сургалт авлаа.

Эрдэнэт үйлдвэрт бүтээмж инновацийн хөдөлгөөн 2005 оноос эрчимжиж, сайн санал, санаачилга өнөөдрийн байдлаар 32 мянгад хүрээд байгааг мэргэжилтнүүд онцолдог. Энэ нь ажиллагсдын идэвх санаачилга дээшилснийг харуулаад зогсохгүй үйлдвэрлэл эдийн засгийн үр өгөөжид эерэг нөлөө үзүүлснийг ч баталж буй юм.

Тус үйлдвэрийн бүтээмж, инновацийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Бид олон газрын бүтээмж, инновацийн сайн туршлагаас судалж, танилцаж байсан. Ажилтнуудынхаа мэдлэг чадварыг сайжруулж, байгууллагынхаа хандлагыг өөрчлөх зорилгоор бусдын сайн туршлага, арга барилаас суралцахыг зорьдог. Үүний ч үр дүнд манай байгууллагын бүтээмж, инновацийн үйл ажиллагаа шинэ тутам боловч зөв ажиллаж байгаа гэж хэлэх байна. Эрдэнэт үйлдвэрт бүтээмж инноваци, сайн саналын систем нь хэдийнээ тогтворжиж, хэвшсэн юм байна. Суралцах, санаа авах зүйл маш их харагдлаа. Хөгжлийн хэлтэс, инновацийн төвийн мэргэжилтнүүд, сургагч багш нарын хичээл, мэдээллүүд өгөөжтэй байна. Цаашид энэ чиглэлээр нягт хамтран ажиллаж, суралцах хэрэгтэй гэсэн санаа төрлөө” гэж Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалан ярилаа.

 

 

 

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.22.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.