Хэнтий аймагт УАЗ пургон автомашин дөрвийг гардууллаа
Үйл явдал
/
2020-01-21

 

Өнөөдөр өглөө МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын бүрэлдэхүүн аймгийн төв талбайд хүрэлцэн ирж, Улсын онцгой комиссоос Хэнтий аймгийн ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учраас 18 сум, таван тосгонд нийт 360 тонн өвс үнэ төлбөргүй, 271 тонн тэжээл 50 хувийн хөнгөлттэй үнээр гардуулж буйг дуулгаж, Хэрлэн суманд харьяалагдах 20 тонн өвс, 7,5 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр гардууллаа. Өвс, тэжээлийг өвөлжилт хүндэрсэн баг тосгонд хүргэж өгөхөө илэрхийллээ.

Ерөнхий сайд, аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн, төрийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ “Хэнтий аймагт өнгөрсөн онд 133,4 тэрбум төгрөг, 2020 онд 145 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж, томоохон бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна. Улсын хэмжээнд ч 2019 онд ахиу хөрөнгө оруулалт орлоо. Нийтдээ 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, түүний 1,6 их наяд төгрөгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам гүүр, барилга байгууламж, цахилгаан станц, нефтийн үйлдвэр, төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг бүх шатанд өрнүүлж байна. Улсын хөгжил хөдөө орон нутгаасаа эхэлдэг. Аймаг орон нутаг, сумдаа хөгжүүлэх ёстой. Сумдад хөрөнгө оруулалтууд хийгдээд, сум суурин өнгөө засаад, ажлын хариуцлага сайжраад, албан хаагчид улс эх орноо хөгжүүлэх юмсан, хийж бүтээх юмсан гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байгааг харахад сайхан байна” хэмээлээ.

Түүнчлэн Монгол улсын Засгийн Газар, Улсын Онцгой комисс, ОБЕГ, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газраас автомашин шаардлагатай байсан Аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Баян-Адрага сумын Эрэн хайх аврах салбарт тус тус нэг УАЗ Пургон, Эрүүл мэндийн яамнаас Нэгдсэн эмнэлэгт нэг УАЗ-Пургон, нийтдээ Хэнтий аймагт дөрвөн УАЗ Пургон автомашин гардууллаа.

 

Хэнтий аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.38.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.