Баталсан хуулиа ЗӨРЧИЖ суугаа Ардын намын “азай буурлууд”
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-22

 

“Баян айлын мөнгөтэй хүүхдүүдийг улстөрд ахиж оруулахгүй. Бизнестэй нь бизнесээ хөө, улстөрд битгий орж ир” хэмээн улстөр, бизнес хоёрын ялгааг МАН-ын дарга У.Хүрэлсүх тодорхой зааж байсан.

Үүний дагуу намд болон улстөрд эхлүүлсэн шударга ёсны хувьсгалаа эхлүүлэхдээ “Стратегийн ордуудыг төрийн мэдэлд авна. МАК –д л гэхэд 34 лиценз байна. Та бол 30 гэр бүлийн нэг мөн” хэмээн чуулганы хуралдаанд суухдаа Н.Номтойбаярт хандаж хэлсэн. Угаас зөрөлддөг Н.Номтойбаяр, У.Хүрэлсүх хоёрын сэв суусан харилцаа удахгүй нэг мөр дуусах нь.

Учир нь Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы зүгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Мэдээж УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдсөн учраас УИХ-н дэгийн тухай хуульд зааснаар халдашгүй байдлын дэд хороогоор асуудлыг авч хэлэлцэнэ. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг тус хороо 48 цагийн дотор шийдэх ёстой. Гэвч ирц бүрдэхгүй байгаа учраас хуулийн хугацаанд хэлэлцээгүй.

Харин уг хороо хуралдах гол шалтгаан болсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөн гадаадад эмчилгээтэй байгаа учраас эх орондоо ирж байгаад өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа юм. Үндсэндээ хуулийг батлах, хэрэгжүүлэх, мөрдөх ёстой байгууллага нь ийнхүү ХУУЛЬ ЗӨРЧИЖ байгаа юм.

Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д олонтаа сонгогдсон, ахмад, туршлагатай гишүүдээс бүрддэг учраас ардын намын азай буурлууд болох УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж, Шадар сайд Өлзийсайханы Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Чүлтэмийн Улаан, УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцан нараас бүрддэг.

Н.Номтойбаяраас өмнө энэ хорооны хуралдаанаар ЖДҮ-гийн асуудалд холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудал мөн хөндөгдөж байхад тэд хамгаалаад үлдэж байлаа. Одоо харин тэд мөнгөтэйгөөр нь МАК-ын талд шийдвэр гаргах уу, хүчтэй, сэлэмтэйгээр нь ХҮҮК-ийн талд орж Н.Номтойбаярын эрхийг түдгэлзүүлэх үү гэдгийг харах л үлдлээ...

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Их хуралд хүргүүлээд байгаа билээ. УЕП-ын саналыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой ч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн ирц бүрдээгүй учир тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм. 

Харин Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтэд тус дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулж, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд байлцуулахыг хүссэн байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хүргүүлсэн хүсэлтийг танилцуулж байна. 

“Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс УИХ, Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлаар тус тус гаргасан амтын шийдвэрүүдийг үалгахдаа хууль, журмыг андуурч, улмаар хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдоод байгаа эрх бүхий 15 албан тушаалтны хуралдсан хурлыг “хуралдаагүй, хуурамч хурлын тэмдэглэл үйлдэж” гэж мөн ЦЕГ-аас иргэн Б нас барсантай холбогдуулан надаас гэрийн мэдүүлэг авсан ба мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэнээр мэдүүлж, энэ нь ч өөрийн хүсэлтээр полиграф тест өгснөөр батлагдаж байхад мөрдөгч болон прокурорын  зүгээс ямар ч нотлох баримтгүйгээр “зориудаар худал мэдүүлэг өгсөн” гэж тус тус гүтгээд байгаа талаар миний бие 2019 оны 12 сарын 12-ны өдөр хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийхдээ “намайг гүтгэж байгаагаасаа ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулаад ир” хэмээн мэдэгдсэн. 

АТГ 2019 оны 11 сарын 25-нд надад яллагдагчаар татсан тогтоол танилцуулснаас хойш миний бие өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр очиход, мөрдөгчийн зүгээс “хэргийн материалтай танилцаагүй байна, юу асуухаа одоогоор мэдэхгүй байна” гэх зэрэг тайлбараар өнөөдрийг хүртэл надаас ямар ч мэдүүлэг аваагүй атлаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын хүсэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн нь хэрэг шалгах ажиллагааны дэс дараалал яаж явагдаж байгаа нь ойлгомжгүй ч миний бие уг саналыг талархан хүлээн авч, гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна” гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.