Орон сууц, мөнгө нэхсэн эсэхийг нь шалгахаар хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлсөн
Үйл явдал
/
2020-01-23


“Бавгар” компанийн захирал Х.Оюун цагдаагийн алба хаагч, хурандаа Б.Цогтбаяр хоёр жилийн турш шинэ орон сууц, мөнгө нэхэн дарамталж байна хэмээн өчигдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Дотоод хяналт шалгалтын хэлсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хэлэхдээ “Цагдаагийн байгуулагын алба хаагчтай холбоотой мэдээлэл гарсантай холбоотойгоор ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдаж шалгалтын ажиллагаа явагдаж байна. 2015 оноос цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр Бавгар гэдэг компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж орон сууц бариулах ажил явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг корпус ашиглалтад орсон. Нэг нь одоо орох гээд, хоёр корпусын цутгалтын ажил явагдаж байна.

Хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулж Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, сахилга, ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажиллаж байна.

“Бавгар” компанийн зүгээс АТГ-т холбогдох баримт материалаа өгчихсөн байгаа гэж мэдээлсэн. Бид ч бас шалгалтын ажлаа хийж, тогтоогдсон хэмжээнд нь АТГ-т гэмт хэргийн шинжтэй бол шилжүүлэхээр ажиллаж байна.

Үүнээс гадна 376 алба хаагч орон сууцтай болохоор тав дахь жилдээ явж байна. Дунд нь хугацаа хожимдсон асуудлууд байгаа. Гэхдээ барилга байшингаа бариулна. Цаашид зогсоохгүйгээр үйл ажиллагааг нь явуулна. Шан харамж нэхсэн, авсан гэх асуудал хуулийн дагуу шалгагдаад явна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.200.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.