Зөрчилтэй нэр бүхий худалдааны төвүүдэд ШААРДЛАГА хүргүүлэв
Үйл явдал
/
2020-01-24

Агентлагийн даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/32, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот удирдамжуудын дагуу худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “УИД-Номин”, “Номин-Наадам”, “Номин-XI хороолол” салбарууд, “Скайхайпермаркет” ХХК-ийн ХУД-ийн “И-март”, БГД-ийн “И-март-хайпермаркет” салбарууд, “ТТЕМ” ХХК-ийн “Ханбүргэдэй” төв салбар, “Алтан жолоо” группын “УБ-Сансар” салбар, СБД-т байрлах “Гэжо” ХХК-ийн “Уулзвар” ресторан-пааб, БГД-т байрлах “БСБ” ХХК-ийн “Life style” тавилгын их дэлгүүр тус тус хамрагдлаа.

Тус хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчид худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгдөггүй, хаяг, шошгын зөрчилтэй, бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол гэмтсэн хадгалалтын горимыг зөрчсөн, бараа бүтээгдэхүүнийг буцаах, солих журамд заасны дагуу хэрэглэгчдийн гомдлыг хугацаанд нь шийдвэрлэдэггүй хэрэглэгчийг чирэгдүүлдэг зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Иймд зөрчил гаргасан “УИД-Номин”, “Номин-Наадам”, “Номин-XI хороолол”, ХУД, БГД-ийн “И-Март”, “Ханбүргэдэй”, “УБ-Сансар” зэрэг супермаркетууд болон СБД-т байрлах “Уулзвар” лоунж зэрэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардаж улсын байцаагчийн хугацаатай АЛБАН ШААРДЛАГА-ыг хүргүүлэв.

Мөн бусад томоохон худалдааны төв, супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг ханган зөрчил, дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөсөн ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүллээ.

Тус агентлагаас хүргүүлсэн улсын байцаагчийн АЛБАН ШААРДЛАГА-аар өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй буюу зөрчил давтан илэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээг авах болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.