УИХ-ын гишүүн асан Д.Гантулга давж заалдана
Үйл явдал
/
2020-01-24


УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнөөдөр болно. Түүнд Хан-Уул дүүгийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон. Түүнийг бусдыг хүчирхийлсэн болон хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутгаж хоёр жилийн ял оноосон юм. Тэгвэл Д.Гантулга тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах ажээ.

Эргэн сануулахад 2019 оны 3 сард УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарыг яллагдагчаар тооцсон аж. Тэд 2017 оны зургадугаар сарын 19-нд дээрх хүрээлэнгийн байранд “иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгагдаж 2020 оны 1 сарын 21 нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн 256.1-т заасан “Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн” гэмт хэрэгт буруутай гэж үзэн нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Харин шүүгдэгч Ж.Оюунааг уг хуулийн 254.1 дэх хэсгийн “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн” гэм буруутайд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.2 сая, шүүгдэгч Н.Золжаргалыг албан тушаалаа ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12 240 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Эдгээр сэжигтнүүд мөн адил давж заалдах эрхтэй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.251.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.