Хүмүүнлэгийн баг малчдад туслана
Үйл явдал
/
2020-01-25

Монгол улс дахь олон улсын хүмүүнлэгийн багийн 2020 оны анхны хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ын МГНХ-ийн мэргэжилтэн Ц.Түмэнбаяр, МЭЕГ-ын мэргэжилтэн С.Ганзориг нар оролцов. Мал аж ахуйн өвөлжтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсгийн гишүүн С.Ганзориг 2020 оны 1-р сарын 12-ноос 1-р сарын 22-нд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгсөн юм.

НҮБ-ын Монгол улс дахь Суурин зохицуулагчийн ажлын алба, ОБЕГ-ын хамтран ахалдаг Олон улсын хүмүүнлэгийн баг нь сар бүр тогтмол хуралдаж тухайн цаг үед үүссэн болон үүсч болзошгүй гамшгийн эрсдэлд хүчин зүйлс, тэдгээрийн эрчийг сааруулах, даван туулахад хүмүүнлэгийн 12 кластерын хүрээнд хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах зэрэг асуудлуудыг хэлэлцдэг байна.

Өнөөдрийн хүмүүнлэгийн багийн хурлыг НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр нар удирдаж УЦУОШГ-аас цаг агаарын урьдчилсан төлөв байдал, УЦУОСМХүрээлэнгээс 2019-2020 оны цас зудын байдал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага зудын нэн их эрсдэлтэй болон их эрсдэлтэй сумдын хүн амын тархалтын зураглал гаргасан тухайгаа танилцуулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 1-р сарын 7-ны өдөр БНХАУ-ын Ухань хотод уушгины хатгалгааны тохиолдлууд илэрсэн Шинэ Коронавирусын тархвар зүйн нөхцөл байдал, Монгол улсад хийсэн эрсдэлийн үнэлгээ, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ДЭМБ-ын хариу арга хэмжээний талаарх мэдээлэл өглөө.

Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн оны 12-р сард өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн Завхан аймгийн 4 суманд хүүхдэд чиглэсэн мөнгөн тусламжийг олгож цаашид тус аймгийн 23 суманд хүүхдийн мөнгөнд нэмэлт санхүүжилт олгохоор төлөвлөж байна. Мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудын эрсдэл өндөртэй аймаг, сумдын нэн эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд бэлэн мөнгө, малд нэн шаардлагатай эрдэс, аминдэмт малын эм бэлдмэлүүдийг олгох хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Мөн НҮБ-ын ХХААБ-аас эрт арга хэмжээний тусламжийг эмзэг бүлгийн 500 малчин өрхөд үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.41.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.