Орхон, Булган аймгийн үйлдвэрлэгчид чуулна 
Үйл явдал
/
2020-01-25

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 24-нд “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулахаар боллоо. Чуулганд 400 орчим жижиг, дундүйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ. Мөн, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчилна. Стратегийн орд бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүс нутгийн хэмжээнд нөлөө үзүүлдэг гол аж ахуйн нэгж болохын хувьд Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг ийнхүү мэдээ мэдээллээр ханган, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.

Монгол Улсаас батлагдсан хууль, эрхзүйн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн тодорхой боломжууд байдаг бөгөөд үүнтэй уялдсан Засгийн газрын тогтоолд бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчээс ямар давуу эрхтэйгээр авах тухай заасан нь бий. Орон нутгийн үйлдвэрлэгч байх нь давуу тал болохоос гадна тухайн бараа бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт нь бусад төрлийн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байх шаардлагатай. Энэ утгаараа, зохион байгуулагчдын зүгээс үйлдвэрлэгчдэд мэдээллийг нээлттэй хүргэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр барьж буй бодлогыг танилцуулах нь олон талын ач холбогдолтой хэмээн үзэж байна. Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2017 онд 27 хувь, 2018 онд 30 хувь, 2019 онд 35 хувийн өссөн дүнгээр дэмжсэн худалдан авалт хийжээ. Дотоодын үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулганд Сангийн яам, МҮХАҮТ болон Орхон аймаг дахь ХАҮТ-аас холбогдох хүмүүс урилгаар оролцон, чиглэлийнхээ дагуу сургалт зохион байгуулна.

И.Чинтогтох

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.119.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.