Норовлин суманд 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оржээ
Үйл явдал
/
2020-01-23

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ЗГ-ын ажлын бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын танхимын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар /2019.01.19/ Норовлин суманд ажиллалаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга 1,5 тэрбум төгрөг, барилгын гадна цахилгаан хангамж 300 сая төгрөг, Засаг даргын Тамгын газрын барилгын их засвар 260 сая төгрөг, Сумын төвийн гадна цэвэр усны шугам 163,2 сая төгрөг, Хуучин соёлын төвийг худалдаа үйлчилгээний зориулалтаар засварлахад 50 сая төгрөг, Соёлын төвийн техник тоног төхөөрөмж, хөгжим аппартур, гэрэлтүүлэг 36 сая төгрөг, Тохижилт үйлчилгээний машин 36 сая төгрөг, 200 ортой Цэцэрлэгийн барилга 2,1 тэрбум төгрөгөөр баригдаж, энэ онд ашиглалтад орох бол 400 суудалтай соёлын төвийн барилга 2020, 2021 онд барьж ашиглалтад оруулахаар 4 тэрбум төгрөг төсөвлөснөөс энэ онд 2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ. Ингэснээр Ерөнхий сайдын өнгөрсөн жилийн тавдугаар сард тус сумандаа ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар 100 хувь биелснийг Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж мэдэгдэв.

Сүүлийн гурван жилийн хугацаанд төсвөөс 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж байгааг уулзалтын үеэр сумын Засаг дарга П.Алтангэрэл мэдэгдэж, норовлинчуудын өмнөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийллээ.

Ерөнхий сайд сар бүр хөдөө орон нутагт айлчилж, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, эх орны хөгжил дэвшил, эдийн засаг, нийгмийн талаар ард иргэддээ танилцуулж, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ирсэн. Энэ удаа тэрбээр ажлаа тайлагнаж, өнгөрсөн жилийн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ард иргэдэд хүргэлээ. Уулзалтад сумын төвийн 200 гаруй иргэд цуглаж, Засгийн газрын үйл ажиллагааг талархан дэмжиж байгаагаа хэллээ.

Үүнчлэн, Хэнтий аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учраас аймгийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авч, Улсын онцгой комиссоос 360 тонн өвс үнэ төлбөргүй, 271 тонн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа билээ. Үүнээс тус суманд олгож, Эрүүл мэндийн яамнаас сумын ЭМТ-д шаардлагатай 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн бичиг олгож буйг гардуулав.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хандлагаа өөрчилье" багц ажлын хүрээнд "Хоггүй цэвэрхэн Монгол" аяныг 2019 оны наймдугаар сарын 1-нээс 2020 оны зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа. Дээрх аянд норовлинчууд нэгдэж, идэвхтэй ажиллаж буйг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцлоод сумын Засаг дарга П.Алтангэрэлийг “Байгаль Орчны Тэргүүний Ажилтан” цол, тэмдгээр шагналаа.

Норовлин сумын иргэдтэй хийсэн уулзалт өндөрлөх үеэр иргэн Т.Түмэнтогтох 20 шахам жилийн өмнө 8 настай охиноо алдаад 2 жил эрэл сурал болж тухайн үед тойргоосоо сонгогдсон гишүүн У.Хүрэлсүхэд хандаж байсан. Манай гишүүн эрэл сураг хийсээр 2003 онд Д.Баасанцог охиныг маань олж өгсөн. Тиймээс насан туршдаа талархаж явдаг хэмээн ээж, охин хоёр Ерөнхий сайдтай ирж уулзав. Д.Баасанцог охин өдгөө 27 нас хүрч, гурван хүүхдийн ээж болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.9.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.