Н.Ганбямба: Хэнтийд төсөвлөсөн 140 тэрбумыг Монголд төсөвлөсөн л гэж ойлго
Үйл явдал
/
2020-01-28

Хэнтий аймагт зориулж 2020 оны төсөвт 140 тэрбум төгрөг суулгасан нь олон нийтээс маш их шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, Ерөнхий сайдын нутаг болохоор ингэж төсөв хуваариллаа хэмээх хардалт ч байв. Тиймээс энэ их мөнгийг яг юунд зарцуулж байгаа талаар Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай ярилцлаа.

 

-Ерөнхий сайд өөрийнхөө нутаг Хэнтий аймагт өндөр төсөв тавихад нөлөөллөө гэж нэлээд шүүмжлэл гарсан. 140 тэрбум төгрөгийг юунд зарцуулах талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэнтий аймагт сүүлийн гурван жил багагүй хөрөнгө оруулалтыг хийж байна. Ирэх оны төсөвт өндөр их мөнгө суулгалаа гэсэн шүүмжлэлүүд гарсан байна билээ. Гадаадад Чингис хааныг мэддэг хүмүүс олон байдаг мөртлөө аль улсын хаан гэдгийг нь мэддэггүй. Ямар сайндаа Хятадууд Ордост Чингис хааны ташуураа унагасан газар гэж домог зохиогоод, Чингисийн цогцолбор барьчихсан байна. Жилдээ 10 гаруй сая жуулчин хүлээж авдаг. Бид нэг сая жуулчин ч авч чадахгүй байж ийм юм ярьж болохгүй.

 

-Одоо Чингис хааныг Монгол Улсын хаан юм байна гэдгийг мэддэг болсон байлгүй дээ?

-Одоо гүүгл дээр анхных нь мессежийг тавьж байна шүү дээ. Чингис хааны төрөлх нутаг нь Монгол Улсын нийслэлээсээ зүүн тийшээ Хэнтий гэж аймагт байдаг гэж.

 

-Тэгэхээр жуулчдад зориулсан бүтээн байгуулалт хийхээр энэ төсвийг тусгасан гэж ойлгож болох уу?

-Бид дөрөв, таван том цогцолбор барьж байгаа. Хоёр нь сая дуусч байна. Гурав нь одоо Хэрлэнгийн хөдөө аралд эхлэх гэж байгаа. Зүүн талдаа хүрхрээ талд Хүлэг баатар Боорчитой өргөө. 18 метр өндөр. Зургаан давхар байшинтай тэмцэх хэмжээний том цогцолбор. Биндэр сумын нутагт Их хуралдайн бүтээн байгуулалт бас дууслаа. Ингээд том том цогцолборуудаа барихад зориулаад ирэх оны төсөвт 140 гаруй тэрбум төгрөг тавьсан. Энэ бол Хэнтийнх биш Монгол Улсын л төсөв, хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Жуулчид Монгол руу очиж үзье гээд зориод ирэхэд үзүүлэх юмтай байхын тулд энэ том хөрөнгө оруулалтуудаа хурдан гүйцэтгэж, хэрэгжүүлж, барьж дуусгах хэрэгтэй.

 

-Дадал сум руу бас засмал зам тавьж байгаа гэсэн үү?

-Жуулчид тэр хол байгаа Хэнтий аймаг руу 340 км явж оччихоод, дахиад цаашаа 270 км шороон замаар Дадал руу очиж үзэх үү үгүй юу гэдэг асуудалтай. Тиймээс Дадал сум руу тавих замын ажил эхэлсэн. 140 тэрбумын хөрөнгө оруулалт дотор, зам, дэд бүтцэд төсөвлөсөн нь нэлээд хувийн эзэлж байгаа л даа. Шороон замаар явж очоод, тэнд банзан жорлонтой газар гадаадуудыг оруулна гэвэл аваачаад ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл, аялал жуучлалын дэд бүтцүүдийг аль алинд нь хөрөнгө зарахаас өөр арга байхгүй.

 

-Танай аймаг төрийн байгууллагын бүх барилгаа шинэчилсэн гэж сонссон. Үнэн үү?

-Манай аймаг сүүлийн гурван жил аймгийн төв дээрээ хуучирч муудаад актлагдсан бүх байшинг бүгдийг нь зэрэг шинээр барьсан. Хэнтийд ирэхэд нүүр бардам. Арав дахь байшин болох Халамж хөдөлмөр үйлчилгээний байшинг саяхан Ерөнхий сайд очиж үзлээ. Иргэд маань үйлчлүүлэх боломжоор хангагдсан. Төрийн байгуулагууд гаднаа бие засах газартай байдлыг бүгдийг халсан. Гуравхан жилийн дотор арван шинэ байшин ашиглалтад орж байна гэдэг бол нэлээд ажлууд ыг хийсэн гэсэн үг. Эрчим хүч гэхэд үндсэндээ бүх сумдын агаар дамжуулах шугам шинэчлэгдсэн. Бэрх сумын 35 квольтыг 115 болгоод, Жаргалтхааны наад баруун талын зам дээр очдог 10-хан квольтын шугамыг бас 35 болгосон. Зургаан багийн төвөө өндөр хүчдэлд холбосон анхны аймаг болж байна. Дандаа Чингис хааны дурсгалтай холбоотой газрууд. Зургаан багийн өндөр хүчдэлд холболоо гэж бас шүүмжилж байгаа. Хийнэ ээ. Хийхээс өөр арга байхгүй. Энэ 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дээр нэмээд бас их том хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. УИХ-ын гишүүд асуухаар нь би “Та нарын даралт ихдэх байлгүй” гэж хошигнож байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх юм бол бүр том тоо гарч ирнэ.

 

-Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалтууд хийж байгаа вэ?

-Тухайлбал, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг Кувейтын хааны гэр бүл, ханхүүгийн санаачилгаар буцалтгүй тусламжаар барина. Энэ зун эхэлнэ. Дээрээс нь Эмиратын буцалтгүй тусламжаар аймгийн төв дээр цэцэрлэг барьж байгаа. Бас аймгийн төв дээр цэвэрлэх байгууламж барьж байна. Азийн хөгжлийн банкны дөрвөн сая долларын тусламжаар. “Эрчим хүч-2” гээд аймгийн төвд тарифт тоолуур тавих төслүүд гэх мэт. Дулааны станц аймгийн төвд баригдана. Энэ станц баригдсанаар Хэнтий аймаг таван давхраас дээш байшин барих бүрэн бололцоотой болно. Нам даралтын зуухтай, дулааны станцгүй аймгуудад таван давхраас дээш байшин барьж болохгүй гэж мэргэжилтнүүд шүүмжилдэг шүү дээ. Ингээд гадны хөрөнгө оруулалтуудаа нэмэх юм бол зарим улсууд бүр халуурахаар том тоо. Хөрөнгө оруулалт оргил үе дээрээ явж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.205.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.