ЭМЯ-наас коронавирустай холбоотой албаны мэдээлэлд л итгэхийг анхаарууллаа
Үйл явдал
/
2020-01-28

Шинэ корноавируст халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээллээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусын халдвараар нийтдээ 2796 хүн өвчилж, нас барсан хүний тоо 80 болсон. Үүнээс БНХАУ 2761, хилийн чанадад 35 хүн өвчилсөн байна.

Нас барсан 80 хүн бүгдээрээ Хятадад бүртгэгдсэн. Одоогоор БНХАУ-ын эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Бүрэн эдгэрсэн 49 хүн байгаа гэсэн мэдээлэл авсан. Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Эрсдэлийн зэрэг дундаас өндөрт шилжсэн. БНХАУ-ын 30 муж болон бусад 14 оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Бразил, Колумб, ОХУ, Герман зэрэг 9 орон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

БНХАУ-д халдварын тоо өдрөөр биш цагаар өсөж байна. Эрсдэл хаяанд байгаа. Хамгийн гол нь иргэд мэдээллийг найдвартай, мэргэжлийн эх үүсвэрээс авах хэрэгтэй байна. Цахимаар явж байгаа эх сурвалж нь тодорхой биш, дуулиан шуугиан тарих зорилго бүхий мэдээлэлд итгэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна" хэмээлээ.

Мэдээллийн үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэл өглөө. Тэрбээр "Коронавирусын тохиолдлын тоо түрүүнд хэлсэнтэй адил байна. Хятадаас гадна 35 оронд энэ өвчний тохиолдлыг бүртгээд байгаа. Өнгөрсөн бямба гарагт ДЭМБ-ын төлөөлөл ЭМЯ-ныхантай хамт ХӨСҮТ-д очиж ажилласан. Бэлтгэл ажлыг сайн явуулж байгаа юм байна. Лабораторийн бэлэн байдал ч хангагдаж байгаа. Энэ долоо хоногт оношлуураа хүлээж аваад, баталгаажуулалт хийнэ" хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.219.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.