Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Рояалтигийн орлогын 30-аас доошгүй хувийг олон улсын жишгийн дагуу тухайн орон нутагт нь хуваарилах л ёстой
Үйл явдал
/
2020-01-28

Газрын тосны хуулинд өөрчлөлт оруулах хүсэлтийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Засгийн газарт тавиад байна.Газрын тосны хуулийн төлбөр, зардал,өртөг нөхөлт,бүтээгдэхүүн хуваалтын талаар заасан 7-р бүлгийн 30,6-д “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг ТУХАЙН харьяалах сум дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт,70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна” гэж заасан мөртлөө 31,1-д “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг ТУХАЙН орон нутгийн хөгжлийн НЭГДСЭН санд,70 хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ ” гэж заасан нь Сангийн яам, аймгийн хооронд маргаан үүсгэжээ. ТУХАЙН гэдэг нь олборлолт явуулж байгаа сум орон нутгийг хэлж байгаа учраас 30 хувь нь орон нутагт орох ёстой гэж аймаг нь үзэж байгаа бол Сангийн яамны зүгээс аймагт НЭГДСЭН сан гэж байхгүй учраас энэ мөнгө улсын НЭГДСЭН төсөвт орох ёстой гэж тайлбарлан аймагт өгдөггүй байна. Харин аймаг, сумын орон нутгийн ХӨГЖЛИЙН сан гэж байдаг. Иймээс Газрын тосны тухай хуулийн 31,3 дахь заалтын “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг ТУХАЙН орон нутгийн хөгжлийн НЭГДСЭН санд гэснийг “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг ТУХАЙН орон нутгийн ХӨГЖЛИЙН санд төвлөрүүлнэ” гэж өөрчлөлт оруулах хүсэлт тавьжээ. Газрын тосны 21-р талбайгаас нөөц ашигласны төлбөрөөс жилдээ улсын төсөвт 40 тэрбум төгрөг орж байна. Энэ хуулийг хэрэгжүүлбэл уг төлбөрийн 30 хувь буюу 12 тэрбум нь Дорнод аймагт орох ёстой. Улмаар аймагт хувиарлагдсан 12 тэрбумын гуравны нэг нь буюу 4 орчим тэрбум төгрөг олборлолтод өртөж буй Халх гол суманд очих ёстой юм. 

БНХАУ-ын “Петро чайна дачин тамсаг “ компани Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутаг дэвсгэрт газрын тосны гэрээт 19,21-р талбайгаас жилд дунджаар 1 сая тн түүхий газрын тос олборлож экспортолж байна. Энэ нь Монгол улсын газрын тосны экспортын 92 хувь юм. Улсын төсөвт жилдээ газрын тосноос 150-230 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байна. Гэтэл Дорнод аймгийн Матад, Халхгол сумын иргэд газрын тос олборлолтын нөлөөлөлд өртөж, амьдрах орчин нь доройтсноос төв рүү шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хязгаар нутаг эзгүйрэхэд хүрээд байна. Мөн дэлхийд ганцхан Мэнэнгийн талд сүрэглэн амьдардаг цагаан зээрийн амьдрах орчин хумигдаж , экологийн доройтлоос болж тоо толгой нь цөөрч, нутаг орноосаа дайжиж байна. Иймд орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжих, байгаль орчныг нөхөн сэргээх, дэд бүтцийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзээд Газрын тосны тухай хуульд дээрхи өөрчлөлт оруулах хүсэлт тавьжээ

Сэтгүүлч Б.Отгон 2020.01.24

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.166.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.