ЭМЯ: Коронавириусын мэдээллийг нуун дарагдуулаагүй. 14 настай охины үхлийн шалтгаан тодорхойгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-29

Хэнтий аймагт уушгины хатгалгааны улмаас 14 настай охин нас барсан тохиолдол гарсан. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Хэнтийн аймгийн эмнэлэгт өчигдөр өглөө 07:45 цагт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болон зүрх судасны дутагдалтайгаар биеийн байдал хүнд хүүхэд ирсэн. Эрчимт эмчилгээний арга хэмжээ авсан ч биеийн байдал дээрдэлгүй 16:00 цагийн орчимд нас барсан.

Түүний ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Тэдний биеийн байдал хэвийн байгаа.

Хэнтий аймгаас авсан сорьцууд шөнө ХӨСҮТ-д ирсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу гараагүй байна. 24-48 цагийн дотор шинжилгээний хариу гарна. Шинжилгээний сорьцыг Япон улс руу илгээж, эцсийн оношийг гаргана" гэлээ. Уг тохиолдол коронавирусээс бусад тохиолдолд хатгалгааны улмаас богино хугацаанд нас барах эрсдэл бийг сэтгүүлчид тодруулахад "H1N1, H3N2 зэрэг вирусийн халдвараар үүсгэгдсэн хатгалгааны хүндрэлийн улмаас нас барах тохиолдол бий" хэмээн хариулав

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар хийсэн мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн зарим асуултад хариулав. 

-200 оношлуурыг авсан хэр нь яагаад Япон улс руу илгээж байж, оношоо баталгаажуулах юм бэ?

-Оношлуурыг өчигдөр хүлээн авч, ХӨСҮТ-д хүргэсэн. Ашиглаад эхэлсэн. Ямар ч өвчний үед оношийн баталгаажилтыг эцэслэхэд ганцхан лабораторийн шинжилгээгээр хийдэггүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид өгч байж, эцсийн оношийг баталгаажуулдаг. Тэр дүрмээ дагана.

-Нийгмийг тайван байлгахын тулд бодит байдлыг нууж байна гэх хардлага иргэдийн дунд байна?

-Ямар ч мэдээллийг нуугаагүй. Нэг ч иргэнийг айлган сандаргах эсвэл хэт тайвшруулах зорилгогүй. Бид тодорхой мэдээллийг цаг тухайд нь өгч байна. Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Эрүүл мэндийн яаманд иргэдэд шуурхай, бодит мэдээллийг цаг тухайд нь өгөхийг даалгасан. Үүнийг дагуу мэдээллээ өгдөг. Өдөр бүрийн тогтмол 11:00 цагт нэгдсэн мэдээлэл өгөхийн хамт яаралтай үед шууд дамжуулалтаар өгч байна.

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.35.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.