Эцэг, эхчүүд ээ, хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээх бол болзошгүй аюулаас сэрэмжил
Үйл явдал
/
2020-01-30

БНХАУ-ын Ухань хотоос дэгдсэн гэх шинэ төрлийн коронавирус дэлхийн олон оронд илэрч эхэлсэн. Харин Монгол Улсад одоогоор энэ вирусын өвчлөл илрээгүй гэдгийг ЭМЯ-ныхан өчигдөрхөн мэдээлэл хийхдээ хэлэв. Гэвч БНХАУ-тай хиллэдэг манай орон 106 хүний амийг аль хэдийнэ авчихаад байгаа аюулт вирусээс хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Улмаар их, дээд сургууль, коллежийг ч ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл амраахаар боллоо. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг ч хориглолоо.

Цаашлаад соёл, үйлчилгээний газруудыг ч хааж байна. Тэр дундаа бага насны хүүхдээ гадуур дагуулж яваад, тоглоомын газарт очоод, кино театраар ороод байхааргүй болгов. Үндсэндээ Төрөөс иргэдээ, хүүхдүүдээ шинэ төрлийн коронавирусээс хамгаалах чиглэлийн бүхий л арга хэмжээг авав. Одоо бүх зүйл иргэдээс өөрсдөөс нь шалтгаална. Хүүхдүүдээ гадаа гаргаж, салхилуулах шаардлагатай гэвэл маск зүүлгэх. Дулаан хувцаслах, дархлааг нь дэмжсэн чанартай хоол, хүнсээр хангах. Гарыг нь тогтмол угаалгах гэх мэт.

Нөгөө талаар хүүхдүүд коронавирусын аюулаас тодорхой хэмжээнд хамгаалагдаж байгаа хэдий ч бусад ахуйн осол гэмтэл, аваараас яаж хамгаалах вэ гэдэг асуудал босож ирлээ. Цэцэрлэг, сургууль амарснаар бага насны хүүхдүүд харах хүнгүй үлдэх аюултай. Том нь 13-аас дээш настай болчихсон, дүүгээ харчихдаг айлууд цөөнгүй бий. Энэ тохиолдолд аюулын түвшин харьцангуй бага. Харин цэцэрлэгийн ахлах, сургуулийн 1-2 дугаар ангийн хүүхдүүдийг гэрт нь ганцааранг нь үлдээхэд эрсдэл ихтэй. Үнэхээр харах хүүхэд харах хүнгүй, эцэг, эх нь ажлаа хийхгүй бол болохгүй айл энэ улсад өч төчнөөн бий. Тэд хүүхдээ яах аргагүй гэртээ үлдээгээд, хоол ундыг нь бэлтгэж өгөөд, цоожлоод гарахаас аргагүй байдалд хүрч л байгаа.

Хэрвээ бага насны хүүхдээ, хүүхдүүдээ үлдээж байгаа бол аюулгүй байдлыг сайтар хангаж өгөөрэй, эцэг, эхчүүд ээ. Гэрийн чинь асуудлыг төр зохицуулж өгнө гэдэг хэцүү. Ямар хүүхдээ харах хүнгүй бүх хүнд цалинтай чөлөө өгөлтэй биш. Тиймээс ядаж хамаатан садныдаа аваачих. Хөдөө орон нутаг руу явуулах боломжтой, айлтай бол цэвэр агаартай орчинг сонгох. Үнэхээр харах хүнгүй, яах ч аргагүй бол аюулгүй байдлыг нь маш сайн хангах хэрэгтэй.

Орон сууцанд амьдардаг цонхныхоо бариулудыг авах, эсвэл хаалт хийх. Хүүхэд өндрөөс унаж болзошгүй бүх аюулаас сэргийлэх хэрэгтэй байна. Оны өмнөхөн бага насны хүүхэд цонхоор унах дөхөөд, азаар цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн аварсныг эцэг, эхчүүд мартаагүй байгаа байх. Мөн цахилгаан бараануудыг нарийн шалгаж, аюултай бүхнийг хүүхдээс хол байлгаж, сайтар захих хэрэгтэй шүү. Гэр хороололд амьдардаг бол галын аюулаас сэргийлэхэд анхаарах ёстой. Мөн цахилгааны аюул ч ойрхон байдаг. Цахилгаанаас болж гал гарах тохиолдол ч бишгүй бий. Түүнээс гадна, угаартах аюултай гэдгийг ч мартаж болохгүй.

Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагаас сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан энэхүү зөвлөмжийг хүргэсэн. Та хүүхдээ гэртээ үлдээхдээ:

-Зуухаа шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх

-Шахмал түлшийг бүрэн шатаагүй байхад яндангийн сойлтийг хаахгүй байх

-Түүхий буюу нунтаг нүүрс хэрэглэхгүй байх

-Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах

-Янданг тогтмол хөөлж, үнсний савыг цэвэрлэх зэрэгт анхаарахыг зөвлөж байна.

Харин Онцгой байдлын байгууллагаас хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байгаа юм.

1. Индүүгээ хэрэглэсний дараа салгасан эсэхээ сайтар шалгаарай. Хүүхдээс хол, гар хүрэхгүй, дээрээс унахгүй газар тавь.

2. Буцалсан ус, тос, халуун хоол, халуун савтай хүнсний зүйлүүдийг хүүхэд хүрэхээргүй газар байрлуул. Ялангуяа цахилгаан тогооноос хүүхдийг хол байлга.

3. Хутга, хайч, сахлын хутга, шөвөг зүү, алх сүх гэх мэт хурц үзүүртэй, иртэй зүйлүүдээс хүүхдээ хамгаал. Мөн хадаастай мод хагархай шил ч хүүхдийг гэмтээнэ.

4. Гэрийн нөхцөлд уксус, ацетон, цайруулагч шингэн болон бусад ахуйн чанартай бодисуудыг өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг. Эдгээр шингэнүүдийн зарим нь устай адилхан өнгөтэй, зарим нь хүүхдийн анхаарлыг татахуйц хурц, тод өнгөтэй байдаг учраас ундаа жүүс гэж андууран ууж залгиснаас хоол боловсруулах эрхтнүүдийг хүндээр гэмтээх аюултай. Иймд эдгээр бодисуудыг хаягжуулж, хүүхдийн нүднээс хол байлгах, хүүхэд гар хүрэх газраас хол байлга, тусгай зориулалтын сав, цоожтой газар байлгах,

5. Ихэнх цахилгааны осол нь буруу холбосон болон ил задгай цахилгааны утаснаас үүсдэг. Мөн цахилгаан хэрэгслүүдийг уснаас хол байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

">

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.165.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.