ШТС 16 баримт буюу 73 сая төгрөгийн буцаалтыг системд оруулсан зэрэг тохиолдлыг шалгаж байна
Үйл явдал
/
2020-01-30

 

Сангийн яам 2 сарын 3-наас эхлэн 45 хоногт багтаан буцаалтыг шилжүүлнэ

2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн нэрс гарсан бөгөөд одоо ТЕГ хянах ажиллагааг хийж байгаа юм байна. Энэ долоо хоногт шалгаж дуусаад жагсаалтыг Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд яам хүлээн авснаас хойш хуулийн хугацаа болох 45 хоногийн дотор иргэдийн дансанд буцаан олголтыг хийх журамтай аж.

Сугалааны урамшуулал авахгүй буцаалтаа шууд авах хүсэлтийг иргэд гаргадаг. Тэгвэл уг асуудалд жилийн орлого нь 50 саяас доош аж ахуйн нэгжүүдэд эрсдэл үүсэх магадлалтай байдаг тул урамшуулал болон сугалааг зэрэг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэсэн тайлбарыг өгч байна.

 


Эрсдэлтэй хэмээн хасагдсан бол гомдол гарган шалгуулах боломжтой

Харин буцаан олголт буурч орсон гэх иргэдийн гомдолд ТЕГ-аас дараах мэдээллийг өгсөн юм. “Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарсан. Эдгээр иргэдээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон бөгөөд 996 иргэний 2.1 тэрбум төгрөг хянагдаж байгаа төлөвт байна. Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнх нь олгогдох бол 996 иргэний хувьд хянагдаж дууссаны дараа шалгуур хангавал буцаан олгоно. Хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдана” гэсэн тайлбарыг албаныхан хэлж байна.

 


Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарсан

Эрсдэл тооцож хянаж буй зарим тохиолдлоос дурдвал үүрэн телефоны операторын 8392 баримт буюу 346 сая төгрөгийн буцаан олголт хийх баримтыг нэг дор уншуулсан, ШТС 16 баримт буюу 73 сая төгрөгийн буцаалтыг системд оруулсан зэрэг тохиолдлыг шалгаж байгаа гэдгийг ТЕГ-аас мэдээллээ.

Иргэдийн хувьд гэрийнхээ ойр байдаг дэлгүүрээс бараа авсан баримтууд нь нэг газраас олон удаа худалдан авсан хэмээн буцаалт нь хасагдсан байна гэж мэдээлээд буй бол энэ тал дээр ТЕГ-аас систем автоматаар ажиллаж, шалгуур үзүүлэлт хангаагүй бол эрсдэл тооцож, дахин хяналт хийдэг гэдгийг хэлж байна.

НӨАТ-ын буцаан олголт эрсдэлтэй хэмээн хянагдаж байгаа иргэд өөрсдийн баримтыг хуулийн шаардлага хангана гэж үзэж буй бол орон нутгийн иргэд харьяа татварын албанд, нийслэлд оршин сууж байгаа иргэд ТЕГ-т хандан гомдлоо гаргах боломжтой юм байна.

НӨАТ-ын буцаалтын баримт, сугалаа нэртэй фэйсбүүкийн группд иргэд буцаан олголтын мөнгө хасагдсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, олон пост, сэтгэгдэл нийтлээд байгаа бөгөөд энэ асуудалд хэвлэлийн хурлын үеэр тайлбар өгөх юм. Тухайлбал, и-баримт аппликэйшн дээр нь 214 мянган төгрөгийн буцаалт орохоор байсан нь 9994 болсон, 970 баримт бүртгүүлсэн буцаалтынх нь 90 хувь байхгүй зэрэг асуудал олноор гараад байгаа юм.

 

НӨАТ-ын сугалааны урамшууллаар 2019 онд 312 мянган иргэнд 18.7 тэрбум төгрөг олгожээ

Өнөөдрийн хурлаар НӨАТ-ын хууль, татварын цахим үйлчилгээг өргөтгөх ажлыг хийж байгаа талаар танилцуулгыг эхний ээлжинд хийх юм.


ШТС 16 баримт буюу 73 сая төгрөгийн буцаалтыг системд оруулсан зэрэг тохиолдлыг шалгаж байна

НӨАТ-ын хуулийн 5.1-д заасан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд урамшууллыг буцаан авах боломжтой. Хоёр журамд Татварын ерөнхий газар худалдан авсан бараа, үйлчилгээг НӨАТ-ын хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд эрсдэл тооцож ажиллана гэж заасан бөгөөд шаардлага хангаагүй тохиолдолд урамшууллыг хүчингүй болгох зохицуулалттай. Сугалааны тохирол гарсны дараа шаардлагаа хянаад шаардлага хангаагүй бол урамшуулал буцаан олголтыг хүчингүй болгодог гэдгийг ТЕГ-аас тайлбарлаж байна.

 

Улсын төсөвт нийт 4.5 их наяд төгрөгийг оруулсны 1.8 их наяд нь НӨАТ-аар улсад төвлөрүүлсэн байна.

НӨАТ-ын хуулийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тухайн ондоо 499 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөг, 2019 онд 8729676 иргэнд 192 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгсөн гэв.

НӨАТ-ын сугалааны урамшууллаар 2019 онд 312865 иргэнд 18.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.254.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.