Монгол улсын хүн ам, орон сууцны тооллого эхэллээ
Үйл явдал
/
2020-01-10

НҮБ-ын зөвлөмжийн дагуу Монгол Улс хүн ам, орон сууцны Улсын тооллогыг 10 жил тутамд зохион байгуулдаг. Манай улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрч, 2020 онд 11 дэх удаагаа хүн амаа тоолох гэж байна. Дорнод аймгийн хэмжээнд хүн ам, орон сууцны тооллогын комиссын бүрэлдэхүүн, 75 тоологч, 20 шалгагч ажиллаж 2020 оны 1 дүгээр сарын 9-ний 08:00 цагаас эхлэн 15-ны 22:00 цаг хүртэл долоо хоногийн турш тооллого явуулах болно.

Уг арга хэмжээний нээлтэд аймгийн ХАОСТ-ын түр товчооны дарга,аймгийн засаг даргын орлогч Ч.Ганбат оролцож “2020 оны улсын ээлжит тооллого нь Хүн ам, өрхийн мэдээллийн санд тулгуурлан бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой. Тооллогын үеэр иргэд өөрийн амьдарч буй харьяа хороондоо хандан “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” дахь мэдээллээ хянан баталгаажуулж тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.” хэмээн хэллээ. Ингэснээр иргэн таны мэдээлэл төрийн мэдээллийн нэгдсэн санд баталгаажиж, ирэх 70 жилийн архивын үнэт лавлагаа болох юм. Хэрлэн сумын Хүн ам, орон сууцны тооллогын нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа, аймгийн ХАОСТ-ын комиссын орлогч дарга, статистистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар, тооллогын комиссын тоологч, багийн ажлын албаны хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.245.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.