П.Наранбаяр: Кембрижийн хөтөлбөр хэрэгжсэнээр боловсролын тусгаар тогтнол бүрэн алдагдана
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-08-20

Эрхэм гишүүн Х.Ганхуяг өнөөдөр Кембрижийн хөтөлбөрийг Монголын төрийн өмчийн сургуулийн 10 хувь буюу 90 сургуульд нэвтрүүлнэ гэжээ. Боловсролын чанарыг дээшлүүлэх түүний санаачилгыг бол өндөр үнэлнэ. Гэвч бүтэшгүй санаачилга гэдгийг хэлэхээс өөр арга алга.

1. Боловсролын колоничлолын эрин эхэлнэ.
Кембрижийн сургалтын хөтөлбөрийг дэлхийд нэвтрүүлдэг Английн төрийн бус байгууллагууд бий. Тэнд боловсруулсан стандарт, сургалтыг нэвтрүүлсний хариуд төгсөлтийн шалгалтуудыг хүүхдийн тоогоор ам.доллараар төлж өгдөг. Энэ бол боловсролын маш том импорт. Монголоос валют гадагш урсана. Үндэсний цөм хөтөлбөрийн оронд кембрижийн хөтөлбөр хэрэгжсэнээр боловсролын тусгаар тогтнол бүрэн алдагдана.

2. Боловсрол бол тусгаар тогтнолын баталгаа.
Аливаа улс орнууд өөрийн иргэнээ бэлдэхдээ үндэсний цөм хөтөлбөрөөр дамжуулан сурган бэлддэг. Монгол иргэнийг монгол багш, монгол хөтөлбөрөөрөө монгол хэлээрээ сурган хүмүүжүүлдэг юм. Гадаадын байгууллага, түүний тогтолцоо, агуулга Монголын боловсролын салбарыг эзлэн авахыг би хэрхэвч зөвшөөрөхгүй.

3. Багш нараа бэлдэж амжаагүй.
Кембрижийн хөтөлбөрийн дагуу хос хэлээр хичээл заана. Монгол хэл, англи хэлээр давхар сургаж чадах багшлах боловсон хүчин өнөөдөр байна уу? Багш нараас англи хэлний мэдлэгээс гадна мэргэжлийн хичээлээ кембрижийн хөтөлбөрийн дагуу заах хэмжээний бэлтгэлтэй байхыг шаарддаг. Уг бэлтгэлийг хангахад багагүй хугацаа орно. Учир нь кембрижийн сургалтын хөтөлбөр амьдралд ойр шинж байдлаараа тухайн шинжлэх ухаанд хандах, улмаар заах арга арга зүйг практиктай байлгахыг түлхүү шаарддаг. Англи, монгол хэлээр хичээл орж эхэлсэнээр хүүхдийн ачаалал ч нэмэгдэнэ.

4. Сургалтын орчин бэлэн үү?
Кембрижийн хөтөлбөр нь IB хөтөлбөрөөс илүүтэй уян хатан байдаг нь тухайн орны онцлогийг тусгаж өгөх давуу талтай ч анги дүүргэлт 24-26 хүүхдээс хэтрэхгүй байх, ахлах ангиудад хичээлийн хөтөлбөрийн дагуу хими, физикийн нарийн багаж, бодис бүхий лабораторитой байх шаардлага тавьдаг. Энэ нь нэлээд үнэтэй тусна.

Санал: Дээрх дөрвөн шалтгаанаар Кембрижийн хөтөлбөр Монголд хэрэгжих боломжгүй юм. Харин бид тус хөтөлбөрийн давуу талыг үндэсний цөм хөтөлбөртөө шингээн сайжруулах нь нэн чухал. Кембрижийн хөтөлбөрт сайн тал олон бий ч боловсрол бол улс төрийн оноо түүдэг салбар биш тиймээс битгий тооцоо судалгаагүй сэтгэлийн хөдлөлөөр хандахгүй байхыг эрхэм гишүүнээс хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.