Нямдорж моодноос гарч, Нямбаатар моодонд оров
Нийтлэл
/
2020-08-21

28-н жил УИХ-ын гишүүн, УИХ-н дарга, дэд даргаар ажиллахдаа 13-н жил нь Хууль зүйн сайдын албыг давхар хашсан Монгол Улсын Гавьяат Хуульч, төрийн нэрт түшээ Цэндийн Нямдоржийг бид бүхэн андахгүй мэддэг ч анхаарлаас улам бүр холдсоор байна. Одоо тэрээр Монгол Улсын ерөнхий сайдын хууль зүйн зөвлөхөөр ажиллаж байна.

                1981 онд ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийг Хуульч мэргэжлээр төгсөөд л Улсын ерөнхий прокурорын газарт ажиллаж эхэлснээс хойш дөчин жил хууль зүйн салбарын тогоонд чанагдаж, хоёр нийгмийн нүүрийг үзэхдээ нүүрэн талд нь өнгөлж явсан хүн. Удаан жил гал салгаагүй нэг тогоонд чанагдсаны дүнд хор нь ч гарсан, шим нь ч гарсан. Монголын төрийн дөчин жилийн түүх, ардчиллын үүслээс өдий хүртэлх 30-н жилийг андахгүй мэдэх, амьд гэрч. Монголчуудынхаа итгэл, үзэн ядалтыг зэрэг үүрч явсан хүн.  Өнөөгийн хууль зүйн салбараас бүтэц үүргийг тогтолцоог бүтээхэд их хувь нэмэр оруулсан хүн. Сайнаас нь илүү саарыг нь дэврээдэг бидний зангаар шоронгийн шинэчлэгч, өндөр албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг хаацайлагч, хамаарагч, хятадын тагнуул гэж хэлэх нь олон ч тогтоогдсон нь үгүй. Гэхдээ олны үг ортой, олон жилийн ажлаас хуралдсан зүйлс бий.

                Эзний алба ээлжтэй байдаг жишгээр дараагийн үеийнхэн нь хүч түрэн орж ирэв. Ихэнх засаглагч өөрчлөгддөг жишгээр өмнөх үеэ өөлж, алдаатай бодлогыг нь шүүмжилж, илчилж, шударга ёсыг шинээр тогтоох дүрээр танигдсан хүн бол одоогийн ХЗДХЯ-ы сайд Х.Нямбаатар юм. 2000 онд Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөнөөс хойш түүний улс төрийн карьер 2009 оноос Сонгинохайрхан дүүргийн захиргаа, иргэдийн хуралд 2016 он хүртэл байсны дараагаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол хоёр дах удаагаа сонгогдохдоо давхар дээлтэй гарын таван хуруунд багтах цөөхөн хэдийн нэг болов.

                Намын тэргүүн, хурлын даргаа буулгахаар сөрөг хүчний хоёр, өөрийн хүчний хоёр гишүүнтэйгээ өрөг нийлж, холбож нүүгээд сөрж зогссоны үрээр  шатрын хүүнүүдээс шат ахисан. Гэхдээ мад тавиагүй. Шатрын хүүнүүд холбож нүүхдээ нэгнээ алдах нь тодорхой байдаг. Цөөн талын хоёроо үлдээгээд явсан. Өөрийнхнөө ч өрөөнийхнөө ч сандаргаж, савлуулж, тохиролцсоны дүнд бод болсон нь гурав. Том намын шинэ үеийн их гурвал ч гэж байгаа.

                Шинэчилсэн болгон сайжирдаггүй. Шинэчиллээ ч хууч үнэр амар арилахгүй, ажил амжихгүй. Сайжруулах, өөрчлөх хэрэгцээ, боломж бол бий. Эрх мэдэл хүнийг эвддэг гэдэг. Итгэл дааж ажиллана гэдгийг жинхэнэ утгаараа мэдэрч тэр хар хүчийг дардаг гэдэг.

                Хэрэг хуучирдаггүй гэдгийг жинхэнэ утгаар нь харуулахаа зарлаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаагдсан хэргүүдийг сэргээх болсон. Тэр нь буруу биш гэхдээ сэрэмжлэх зүйл нь тэр хаагдсан хэргүүдээс алийг нь түрүүлж сэргээж, ажиллах вэ гэдэг чухал. Яагаад гэвэл хуулийн засаглалын тамга баригч өс авах, шантажлах, өөр хүчийг дарж авах, захиалгаар ажиллах зэрэг хортой үйлүүд гаргах вий гэсэн айдас, хардалтууд байдаг. Хувь хүний нөлөөллөөр өөрчлөөд, хүнээсээ хамаарч ялгамжтай хуульд захирагдаад л байвал хуулийн засаглал яагаад ч тогтохгүй. Хууль зүйн яам болохоос хууль тогтоох байгууллага биш гэдгээ анхаарах хэрэгтэй.

                Ломбардыг бүртгэлжүүлж хянана гэжээ. Мөнгө хүүлэхтэй холбоотой асуудал байгааг үгүйсгэхгүй ч хэн хаана ямар үнэтэй зүйлээ барьцаалж байгаа мууг нь үзээд өдрийн зээл, мөнгө хүүлэлт арилахгүй ээ. Тийм л бол тэр байтугай улсын иргэн гэсэн баримтаа урд дэлгүүртээ барьцаалж тавиад хэрэгцээгээ хангадгийг яах вэ?. Цахим гав, технологи ашиглан иргэдийн үйл байдлыг хязгаарлах ялыг эдлүүлнэ гэж мэдэгдэв. Иргэдээ улам л хянаад бүртгэлжүүлээд байх юм.

                Орчин цагийн хөгжлийн хандлага, олон улсын жишигт нийцүүлэн "Эрх зүйн шинэтгэл хөтөлбөр II" хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ерөнхий мэдээлэл гаргажээ. Жишээ нь Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, ард нийтийн санал асуулга явуулах зэрэг зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцох, шийтгэл оногдуулах механизмыг боловсронгуй болгох үүднээс Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах зэргээр нэмэлт, өөрчлөлтүүд оруулна гэжээ. Шүүх эрх мэдлийг хараат бус, бие даасан, мэргэшсэн, хариуцлагатай болгоно гэжээ. Энэ дээр нэг зүйл хэлье. Аливаа эрх мэдэл хараат бус, бие даасан байх нэгт боломжгүй, хоёрт тийм байвал илүү аюултай. Түүнээс биш эрх мэдлийн хуваарилалт, харилцан хамаарлыг бүтцийн тухай яригдана.  Харин мэргэшсэн, хариуцлагатай байх боломжтойгоос гадна чухал.

 

Дүнгэр

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.169.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.