Хатуу ТӨРИЙН зөөлөн ЗАНТ....
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-08-27

Энэ бичил бичвэрээ Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын тухай өгүүлэх гэж байна. Түүнийг сайн танихгүй. 2012-2016 Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэж тухайн үеийн хэвлэлээс сонсож байв. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайд хэмээх давхар алба хаших болсноор олны танил болсон л доо... Түүнээс өмнө Сэлэнгэ аймгийн Засаг дарга гэх мэт ажил хийж байсан юм билээ.

Харин 2016 оны сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулахад тэрбээр таавар эвдсэн шинэхэн Ерөнхий сайд болов. Ингэж л тэр мандаж улстөрийн оргил үеэ эхлүүлсэн. Хэн  ч харахад цэмбэгэр, ноён нуруутай, төлөв түвшин, зөөлөн.

Ц.Элбэгдоржийн хаанчлалын сүүлийн томоохон ажил болох “АСЕМ”-ийн уулзалтад тэрбээр туурга тусгаар Монгол улсын Ерөнхий сайдын хувьд олон орны зочид төлөөлөгч нартай уулзаж, улс орондоо хэрэгтэй чухал төслүүд, хамтын ажиллагааг шажигнуулсан. Ёстой нөгөө шинэхэн дээрээ сонихон гэдэг шиг л.

Уг нь намын даргын хувьд М.Энхболдыг Ерөнхий сайд болно хэмээн олон нийт үзэж байсан ч намдаа ч төдийлөн танигдаж амжаагүй Ж.Эрдэнэбат гэнэтхэн гараад ирсэн нь сонирхол татсан. Эрх ашиг, эрх мэдэл хоёр түр зуурын найзууд учир намыхан нь түүнийг уг дуугүй хүлээн зөвшөөрөв. Улсын Ерөнхий сайд гэдэг маш том эрх мэдэл. Тэр үүнийг  даахын дээдээр дааж, ачаагаа үүрхийн хэрээр үүрсэн. Гэвч явах зам нь харамсалтай нь тийм ч хол биш, дардан бус байв.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-ын дарга М.Энхболд оролцох болсон нь угтаа Ж.Эрдэнэбатын байр суурь ганхах шалтгаан болсон. Удалгүй МАН-ын дарга М.Энхболд давхар дээлээ тайлахад тэр ч бас дагаад Ерөнхий сайдаасаа буув. Ж.Эрдэнэбат, М.Энхболд нар хэт ойр байсан нь хамтдаа хариуцлага хүлээж огцроход хүргэсэн явдал. Бүх зүйл цаг хугацаатай.

Сайны хажуугаар саад гэж... Түүнийг эд мандаж явахад гараас нь атгаж, гутлынх нь тоосыг арчих шахам гүйж байсан журмын нөхөд нь хорлож орхисон. Монгол Улсын Ерөнхий сайд байсан түүнийг МАНАН бүлэглэлийг гар хөл болгож улмаар шоронд хүртэл оруулав.

Харвардын их сургуулийг дүүргэсэн хэмээн өөрийгөө онцолж шударгын дүрд хувирсан нэгэн залуу түүнийг унагах бүх ажлыг санаачлан зохион байгуулсан гэхэд хэлсдэхгүй. Шударга ёсны сэлэмтэй хурандаа энэ хэргийг захиалсан байх. Хэдхэн хоногийн өмнө удирдлагад нь ажиллаж байсан хүн ахиад хэд хоногийн дараа түүнээс тамгыг нь хүчээр шахам булаан авсан тэр дүр зургийг одоо ч санаж л байна.

Улстөрд явж байгаа хүн ер нь хэдэр ёдор ааштай, зан муутай, хүн муутай байж гэмээн хол явах бололтой. Тэгэхгүй Ж.Эрдэнэбат шиг хэт зөөлөн, тайван байх нь осолтой гэдгийг бид харлаа. Зөөлөн байх нь буруу аж.

Ална шүү, торгоно шүү, хохино шүү гэдэг үг л Улсын Ерөнхий сайдад зохих мэт. Зөөлөн зан, зөөлөн зам хоёр нийлдэггүй бололтой шүү. Бусдад, нөхөддөө тус болох гэсэн түүний зөөлөн зан адаг сүүлд нь арай хатуу зам туулахад хүргэжээ... За яахав... Хэрэг нь үнэн бол үүрээд гарна байх. Худал бол алсдаа цагаадах биз. Монголын төр ер нь зүтгэсэн хүндээ хатуу халтай гэдгийг А.Амар, С.Баяр, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг, ядаж л Н.Энхбаяраас харж болох юм.

Төрийн сайд, Улсын Ерөнхий сайд байхдаа түүний хийсэн ажил их бий... Ямартаа  хэзээ ч мартагдахгүй нэг зүйл бол “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Мах сүүний анхдугаар аян” зэргийг нэрлэж болно. Одоо ч энэ хөтөлбөр хэрэгжиж үр дүнд хүрч байна...

Хүн байх хэцүү... Төрийн хүн байх бүүр хэцүү аж. Юм хийхгүй бол залхуу, хойрго болчихно. Ажил хийхээр идлээ уулаа, хуслаа, цөлөмлөө гэнэ. Тохой татаж, ар харна гэнэ. Төрийн ажил явуулах бөөн хардлага дунд унана. Ж.Эрдэнэбат яг л ийм замыг туулсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.148.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.