Сэддоржийн сэдэж зорьсон төр түмний их үйл сэтгэлчлэн бүтэх болтугай
Г.Золбаяр
Нийтлэл
/
2020-08-28
Ренчинбямбын Сэддорж хэмээх улстөрд зүтгэж яваа шилдэг залууг өмнийн говьчууд төдийгүй монгол түмэн мэдэх болсон. Р.Сэддорж бол хэлэх ярихаасаа илүү хийж бүтээхийн одонд төрсөн хүн. Тэр 1979 онд Түшээт Хан аймгийн Говь Түшээ гүний хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бухат Долоон хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн байдаг.

Төрөлх сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн алтан босгыг 1987 онд алхан орж, 1997 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын арван жилийн нэгдүгээр сургуулийг дүүргэжээ. Унаган сайхан нутгийнхаа уул толгодын дунд тоглож, ус агаараар нь амьсгалж хүн болсон хөдөөгийн хүү Сэддорж арав төгссөн жилээ Улаанбаатар хотноо ирэн “Хан-Уул” дээд сургуульд элсэн орж, Бизнесийн эдийн засагч, хэрэглээний математикч мэргэжил эзэмшсэн нь Монгол Улсдаа чухал хэрэгтэй мэргэжилтэн болох ажил, амьдралын гараа нь байлаа. Сэддорж оюутны шуугиант он жилүүдийг хий дэмий үрэлгүй оюун тархиндаа шинэ мэдлэг, шилдэг санаануудыг хоногшуулан суралцсан нь өнөө ч ажил бүтээлийн хаалгыг онгойлгох идэвх зүтгэлийн алтан түлхүүр болжээ.

Аливаа шилдэг сэхээтэн ухаантан насан туршдаа суралцаж мэдлэгээ тэлж, мэдсэнээ олон түмэнтэйгээ хуваалцдаг жамаар тэрээр 2006-2008 онд Удирдлагын академийг Нийгмийн ухааны магистр цолтойгоор дүүргэж, улмаар Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сургуулийн Уул уурхайн сургуульд докторантаар элсэн орсон байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирэхийн үлгэрээр АНУ-ын Канзасын их сургуулийг төгсөж ирсэн бол Австрали улсын “Qundsland”-ын их сургуульд “Уул уурхай-ус” сэдвээр мэргэжил дээшлүүлжээ.

Залуухан насны халуун хүсэл эрмэлзэлтэй Сэддорж хувийн томоохон корпарациас ажлын гараагаа эхэлж төрийн түшээгийн бие төлөөлөгч, туслах, зөвлөх болтлоо мэргэжлийн хувьд өсөж улмаар “Тавантолгой” хувьцаат компанийн Санхүү хангамж хариуцсан дэд захирал, Өмнөговь аймгийн Засаг даргын Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч дарга, 2013 оноос өнөөг хүртэл “Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Өмнөговь аймгийн ИТХ-д Ардчилсан намаас Цогт-Овоочуудаа төлөөлөн сууж буй нь түүний ажил амьдрал, улстөрчийн замнал нийгмийн олон талтайн тодхон жишээ юм. Сэддоржийн сонгуульт ажлууд ч өөдөө дэвжих хүсэл мөрөөдлийн эзэн болсон залуу хүнд багагүй ачааллыг өгдөг ч хийж бүтээхийн ирмүүн бодолдоо тэнгийн хүндийг үүрэх тэнхээ золбоог хайрлажээ.

Цөөн заримаас нь дурдахад, “Монголын Үндэсний бөхийн холбоо”-ны аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн зөвлөлийн ахлагч, Газар нутгаа хамгаалах “Уугуул” хөдөлгөөний үүсгэн байгуулагч, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Нутгийн зөвлөлийн дарга, “Төрт ёс, Хаадын сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, Өмнөговь аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, “Тэмээн соёл, уралдааны холбоо”-ны тэргүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга гээд төр, олон нийтийн холбоод, сангийн удирдах зөвлөлд сонгогдсон байна.

Төр, түмнийхээ итгэл зүтгэлийн хос баганыг тулж түшиж яваа Ренчинбямбын Сэддорж хэмээх эл дайчин залуу улс төрчийн “Цогт-Овоогоо Монголдоо үлгэр жишээ хөгжилтэй сум болгох” гэгээн хүсэл мөд биелж, хар алтан эрдэнийн буян баян ч улам арвижих буй заа. Сэддоржийн сэдэж зорьсон ажил бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай!

Улстөрч сэтгүүлийн 09 сарын тусгай дугаар

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.