“Атгахад алганд багтаж, дэлгэхэд дэлхийн чинээ болно” гэж юуны ч тухай билээ, оньсого байдаг санагдана. Өнөөгийн Ардчилсан намын байдлыг анзаарахад Монголын хамгийн том улстөрийн хүчний нэг байснаа атгын чинээхэн болж жижгэрч буй явдал энэ оньсогын хариу тайлал мэт санагдах юм. Цагтаа ямар хүчирхэг улстөрийн хүчин байлаа даа??? Одоо ч хөөрхий, авдрын хээний арслан шиг арчаагүй дорой хүмүүсийн бөөгнөрөл болж дээ, чааваас. Сүүлийн хоёр сонгууль дараалан сөглүүлсэн тэмээ шиг янхийтэл хэвтээд, сөгдүүлсэн боол шиг ард түмний сонголтын өмнө тэрийгээд өглөө дөө.
Ардчилсан нам хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. “АН-ын дарга С.Эрдэнэ намаа ялагдалд хүргэсэн учраас даргын суудлаасаа огцорч, бүх гишүүдээ яаралтай хуралдуулж, шинэ удирдлага сонгох ёстой” хэмээн тус намын залуус УИХ-ын сонгуулийн дараахан мэдэгдэж бараг бослого тэмцэл гаргангаа алдсан.АН-ын толгойд гарсан С.Эрдэнэ болоод түүний эргэн тойрныхон тус намын хавдар болсон гэж залуу үе нь үзсэн. Уг нь АН-д хүчтэй өрсөлдөгчид олон байсан. Гэвч харамсалтай нь намын даргын менежмент маш муу байснаас үүдэж тус намын олон сайхан залуус шаварт унасан.
Хамгийн гунигтай нь нэгэн цагт төрийн эрх хүртэл барьж явсан Ардчилсан нам одоо бүүр жижгэрч гудамжны жижиг намуудын хэмжээнд оччихлоо. Нэг ёсондоо арслангийн өөдөөс архиран сэгсэлзэх арчаагүй бяцхан хаванцарын дүрд орчихлоо гэсэн үг. Оросын алдарт шогч Крыловын арслан, хав хоёрын тухай шог үлгэрийг олон түмэн сайтар санаж байгаа байх. Авдрын арслан, хавдрын үүр, арслангийн эсрэг архирах бээжин хав болсон ардчиллынхан одоо орон нутгийн сонгуульд жижиг намуудтай эвсэл болж орно гээд тохирч яваа нь өөрсдийн олон мянган гишүүдээ дэндүү дорд үзэж доош хийсэн хэрэг болох нь тодорч байна. Айлаас эрхээр авдраа уудал гэсэн ардын сайхан үг байдаг ч ардчилагчдын хувьд намаа дахин доош нь хийж жижиг намуудад тал засах нь эцсийн гаргалгаа болоод байгаа бололтой.
Үүний тод жишээ нь есдүгээр сарын 2-ны өдөр Ардчилсан нам, Нийслэлийн МАХН, ШИНЭ нам хамтарч ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурах болсон явдал. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Манай улс төрийн намууд хамтарч сонгуульд оролцоно. Хамтарна гэдэг нь нэг тойрог дээр эрх барьж байгаа намаас гадна сөрөг хүчнээс аль нэг нь байна гэсэн үг. Тухайн тойрог дээр МАХН-аас нэр дэвшиж байгаа бол АН, ШИНЭ нам дэмжиж ажиллана” гэж мэдэгдсэн. Эндээс Ардчилсан нам сөглүүлж сөгдүүлсэн хөгшин ат шиг болж улстөрийн бусад жижиг намуудын ивээлд очих хүртлээ жижгэрснийг олж харж болно. Юун тэр, улстөрийн хүчтэй сөрөг хүчин байх. Тэр асуудал бол ёстой чепуха болсон. Ингээд л нэг нугасны муухай дэгдээхэй шиг Ардчилсан нам тахианы хонуурт хошуугаа дүрж, тархины судсуудаа бусад жижг намуудаар сэлбэсэн шиг үлгэн салган юм орон нутгийн сонгуульд өрсөлдмөр болох нь дээ. Ардчилсан намын хөөрхийлөлтэй эл байдлыг амьдрал дээр шув шулуухан хэлэх юм бол үзэл бодол тэс өөр намуудтай хамтарч сонгуульд оролцоно гэдэг нь чухамдаа улстөрийн янхандалт хийж байна гэхээс өөр аргагүй хүргэж байгаа юм.
Ё.Болдбаатар
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин